Крымд онцгой байдал тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-22 12:39:39

СИМФЕРОПОЛЬ. /TASS/. Украинаас нийлүүлдэг цахилгаан эрчим хүч тасарсны улмаас Крымд онцгой байдлын дэглэм тогтоосон тухай Оросын Онцгой байдлын яамны /ОБЯ/ бүс нутаг хариуцсан газрын даргын орлогч Алексей Фридман мэдээлжээ.

“Крымд цахилгаан эрчим хүч тасарсантай холбогдуулан Засгийн газрын тэргүүний шийдвэрээр онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор ОБЯ-ын бүх салбар хэсгүүдийг бэлэн байдалд оруулсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Тус яамны мэдээлснээр, одоогийн байдлаар Крымд “тэргүүлэх чиглэлийн чухал ач холбогдолтой объектуудын цахилгаан эрчим хүчний хангамжийг хянах хөдөлгөөнт бригад ажиллаж байна”. “Одоогоор байдал хэвийн байгаа бөгөөд нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан” гэж Фридман хэлжээ.

Крымын хойгт Москвагийн цагаар 00 цаг 20 минутад эрчим хүч тасарсан байна. Тус хойгийн бүх суурин цахилгаан эрчим хүчгүй болсон тухай "Крымэнерго" компанийн захирал Виктор Плакида урьд нь мэдээлсэн.

Дараа нь Херсонск мужид цахилгаан дамжуулах шугамны хоёр тулгуурт гэмтэл гарсан тухай Украины Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.

Д.Жаргал

Related news