Ан Сан Су Чигийн гэр рүү шатах шингэн бүхий бөмбөг шиджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-02 10:36:32
ЯНГОН. /Эн-Эйч-Кэй/. Мьянмарын удирдагч, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чигийн гэр рүү шатах шингэн бүхий бөмбөг шидсэн хэрэг гарчээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Мьянмарын хамгийн том хот болох Янгон дахь Ан Сан Су Чигийн гэр рүү орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 6:30 цагт нэгэн эрэгтэй ийм бөмбөг шидсэн байна.

Хатагтай Ан Сан Су Чи тухайн үед гэртээ байгаагүй бөгөөд энэ хэргийн улмаас хүн гэмтэж бэртээгүй ч гэрийнх нь нэг хэсэг шатжээ. Хэргийн газраас зугтсан сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа аж.

Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачууд голдуу оршин суудаг Ракхайн мужид тус улсын засгийн газрын хүчнийхэн өнгөрсөн зун босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулсны улмаас хөрш Бангладеш руу 670 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн дүрвэсэн юм. Энэ хүмүүсийг буцааж авчрах бэлтгэл ажлыг Мьянмарын Засгийн газар базааж байгаа билээ. Харин Мьянмарын иргэдийн зарим нь "Рохинжачууд бол Мьянмарын иргэд биш учир Засгийн газар тэднийг буцааж авчрах шаардлагагүй" гэж үзэж байна.
Г.Доржханд
Related news