Залуучуудын хөгжлийн төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-05 10:11:11
Архангай /МОНЦАМЭ/.Залуучуудын тухай хууль энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаатай холбоотойгоор Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Залуучуудын хөгжлийн төвийг нээлээ. Энэхүү төв нь тус аймгийн залууст үргэлж нээлттэй байна гэдгийг тус төвийнхөн хэлж байна.

Залуучуудын төв нь залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт явуулах, залуучуудын эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүх түвшинд оролцож, саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх боломжийг бүрдүүлэх, мэдээллээр хангах, тэдний хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан сонирхлын клуб, зөвлөл, бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хууль зүйн туслалцаа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд холбон зуучлах, мөн гэр бүлийн боловсрол олгох, залуу гэр бүл тулгамдсан бэрхшээлээ хамтран даван туулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх бүлгийн уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулах санал, санаачлагыг дэмжих, зорилтот бүлгийн залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангаж, ажилд зуучлах, залуучуудын гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг үндсэн 7 үйлчилгээг үзүүлэх юм байна.

Архангай аймгийн хэмжээнд 18-35 насны нийт 28700 гаруй залуучууд байдаг юм. 

Б.Гэрэлт-Од
Related news