Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах тусгай өрөөг шинээр тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-02 11:34:16
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Уламжлалт анагаах ухааны төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчлэх, эмийн сэргээн засалт, боловсролын сэргээн засалт, нийгмийн, хэл заслын сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай өрөөг нээн ажиллуулж байна. 
Энэхүү өрөөг “Дөлхийн Зөн ОУБ”-ын дэмжлэгээр “Тэгш боломж” төслийн хүрээнд 16 нэр төрлийн 8 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. 2018 оны эхний 2 сард тус өрөөнд 7 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бол өрөө байгуулагдсанаас хойш нийт 72 хүүхэд эмчилгээ хийлгэсэн байна.
Уламжлалт анагаах ухааны төв нь Уламжлалт, сэргээн засах 17 төрлийн 108 нэрийн эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу Уламжлалт анагаахын шинжлэх ухааны техникийн үйлдвэрлэлийн корпораци/УАШУТҮК/-ийн улсын чанартай ДЭМБ-ын GMP-ийн чанарын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн тан, талх, эрдэнийн үрэл болон орон нутгийн эмийн ургамлын дан эм зэрэг нийт  50-60 нэр төрлийн эмээр үйлчилгээ үзүүлж байна. Тус төв нь дан ганц өөрийн аймаг бус баруун, зүүн бүсийн аймгууд болон Улаанбаатар хотын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ба өнгөрсөн 2017 онд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 9 зорилтын хүрээнд 42 ажлыг төлөвлөн 100 хувь биелүүлсэн ба 3921 удаагийн үзлэг хийснээс амбулаториор 3921 хүнийг хамруулж, 1079 хүн хэвтүүлэн эмчилсэн байна.
2011 онд Монгол Улсдаа анх удаа хөдөө орон нутагт бие даасан төв болон байгуулагдсан Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төв нь баруун бүсийн загвар төв болох зорилго тавин уламжлалт эмчилгээний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, жигд, түргэн шуурхай  үзүүлсээр иржээ. Үүсгэн байгуулагдсанаас хойшхи хугацаанд хүн амд 28867 удаагийн үзлэг хийснээс амбулаториор 26301, үүнээс  урьдчилан сэргийлэх үзлэгт 2566 хүнийг хамруулж, 6855 хүн хэвтүүлэн эмчилсэн байна. Тус төв нь одоогоор 19  хүний орон тоо, 20 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. 
Э.Нарангэрэл
Related news