Зарим хөтөлбөрүүдийг энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-02 13:33:32
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Нийслэл Улаанбаатар хотод болсон “Алтайн хөгжлийн форум-2018” арга хэмжээний үеэр Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөгийн дарга Д.Ганбаатар энэ онд төрөлх нутагтаа хийж ажлуудаа тоймлон танилцуулж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. 
Энэ онд гэхэд "Эрүүл Алтай", "Эрүүл архигүй Алтай", "Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая" гэсэн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ.
Өнгөрсөн онд Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймаг дахь нутгийн зөвлөлөөс олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүчээр хийж гүйцэтгэсэн байна. Тэр тусмаа аймгийнхаа хүүхэд багачуудыг сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор олон талын ач холбогдолтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тодруулбал: аймгийн хэмжээний бүтэн өнчин 57 хүүхэд тус бүрт хадгаламж нээж өгсөн ба нийд 27 000 000 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Энэ нь бүтэн өнчин хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэгээс гадна цаашид сурч хөгжихөд нь дэм болсон бодитой хөрөнгө оруулалт хийгээд байна. 
Харин "Эрүүл ирээдүй" хөтөлбөрийн хүрээнд Чандмань, Цээл, Төгрөг, Дарив, Жаргалан, Шарга сумдад Нутгийн зөвлөл дангаараа, Тайшир, Халиун сумд “Дэлхийн зөн” ОУБ, Мобиком корпорацитай хамтран сумдын сургуульд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг иж бүрнээр шийдэж өгсөн ба "Их Алтайгаас ирээдүйн одод" аяныхаа хүрээнд “Талбайн теннис”-ний талбайг байгуулсан нь хүүхэд багачуудын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт болж чаджээ. 
Түүнчлэн "Ногоон-Алтайдаа сайхан амьдарцгаая" хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлэн аймгийн төвд 6000 мод нэмж тарьж, нийт сум сургуулийн номын санд шинэ номын багц илгээж, Спорт цогцолборын таазыг царгилт бууруулах даавуугаар битүүлсэн зэрэг нийт 20 гаруй ажлыг амжилттай хэрэгжүүлж Алтайчуудын талархлыг хүлээгээд байна.
 
Э.Нарангэрэл
 
 
Related news