Хүүхэд эсвэл нөхрийнхөө ажил хоёрын алийг нь сонгох вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-09-08 16:24:59

БЭЭЖИН. /АР/. Хууль бус үр хөндөлт хийлгэх тухай бодож байгаа найман сартай жирэмсэн эмэгтэйн байдал БНХАУ-ын олон нийтийг хүлэгнүүлж байна. Учир нь уг эмэгтэй хүүхдээ гаргавал БНХАУ-ын төрөлтийг хязгаарлах бодлогыг зөрчиж, төрд ажилладаг нөхрөө ажилгүй болгох эрсдэлтэй тулгарах юм.

Хосуудын амьдардаг Юньнань муж руу иргэд утасдаж, уг хэргийн тухай лавлаж байгаа бөгөөд онлайн аялал, жуулчлалын үйлчилгээний нэгэн байгууллага бүсгүйн нөхөр ажлаасаа халагдвал түүнд ажлын байр олгохоо хүртэл мэдэгджээ.

Дээрх хэргээс болж, хотод амьдардаг эхнэр, нөхөр хоёр хоёулаа наад зах нь нэг ах эсвэл эгчтэй бол уг хос нэг л хүүхэдтэй байх ёстой гэсэн бодлогыг төрийн албан хаагч мөрдөх хэрэгтэй эсэх талаарх мэтгэлцээн олны дунд өрнөж байна.

Өдгөө 41 настай, Чэнь овогт эмэгтэй өчигдөр утсаар ярилцлага өгөхдөө, манай нөхөр цагдаагийн ажилтан бөгөөд түүнийг ажлаас нь халуулахгүйн тулд бид хоёр дахь хүүхдээ гаргахгүй байх арга хэмжээ авахад хүрээд байна гэж ярьжээ.

“Би их айж байна. Хэрвээ манай нөхөр хүүхдээ авахуулах ёстой гэвэл надад түүний шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй” гэв.

Д.Нямтулга

Related news
Comments