Хоёр Солонгос дээд түвшний хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-29 11:17:54
ПАНМҮНЖОМ. /Ёнхап/. Ирэх сарын сүүлчээр хийхээр болсон Өмнөд болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг яг хэзээ хийхээ товлож, уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж тохирох зорилгоор хоёр тал дээд түвшний хэлэлцээ хийж эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, талуудын нөлөө бүхий албаны хүмүүс хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд хэлэлцээ хийж байгаа аж.

Умард Солонгос удаа дараалан цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор Солонгосын хойгийн байдал эвгүйтсэнээс нэг жил гаруйн дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар дээд хэмжээний уулзалт хийхээр болсон юм.

Умард Солонгосын удирдагч Ким саяхан Хятад улсад гэнэтийн айлчлал хийж, тус улсын дарга Си Жиньпинтэй хэлэлцээ хийсэн билээ. Тэрбээр Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээсээ өмнө гадаад дахь анхны айлчлалаа хийсэн нь энэ юм.

Тавдугаар сард Д.Трамптай уулзахаасаа өмнө гол холбоотон болох Хятадын талаас зөвлөгөө авч, санаа бодлоо солилцохын тулд 2011 онд Умард Солонгосын удирдагч болноосоо хойш Ким Жөн Ун  анх удаагаа хилийн дээс алхан Бээжинд очлоо гэж ажиглагчид үзэж байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх “чухал үйл явдал” болж магадгүй.

Цөмийн зэвсгээсээ татгалзахад болохгүй гэх юмгүй гэдгээ Умард Солонгосын удирдагч Ким Хятадын дарга Ситэй уулзах үеэрээ илэрхийлсэн байсныг Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг онцолсон байсан билээ.
Г.Доржханд

Related news