“Хишигтэй заан” дууны уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-27 17:44:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Монгол Улсын хүчит заан, бөхийн чөлөөт барилдааны ОУ-ын хэмжээний мастер Дүгэржавын Хишигдоржид зориулсан "Хишигтэй заан" дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг тус сумын ерөнхий боловсролын сургуулиас санаачлан энэ сарын 26-нд сумандаа анх удаагаа зохион байгуулжээ.

Уралдааны зорилго нь нутгаас төрөн гарсан Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Д.Хишигдоржид зориулан зохиосон дууг сурагчид дуулж сурах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаан сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд болсон ба ахлах ангийн төрөлд 11а ангийн сурагч С.Цогтбаяр түрүүлсэн бол дунд ангийн сурагчдаас тэргүүн байрыг 9а ангийн сурагч А.Мөнгөнцоож оржээ. 

Дууны шүүгчдээр Соёлын төвийн эрхлэгч, МУСТА Ч.Ганбаатар, МУСТА, хөгжимчин н.Дэлгэрцогт, Соёлын төвийн хөгжмийн багш,  МУСТА Н.Алтанчимэг, ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, соёл, спорт хариуцсан ажилтан, Хүүхдийн элч, хуульч, яруу найрагч Н.Базардэрэг нар ажиллажээ.
Б.Гэрэлт-Од
Related news