Сурагчид газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрэх дадлагад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-08 11:11:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн чичирхийллийг сурагчдад биеэр мэдрүүлэх дадлага сургуулилт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 7-ны өдөр боллоо.
Аймгийн төв Партизаны талбайд болсон энэхүү сургуулилтад Сүхбаатар сумын ЕБС-ийн 3-12-р ангийн 680 сурагч хамрагджээ. Уг арга хэмжээг нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн бие бүрэлдэхүүн ирж зохион байгуулан явууллаа.
Сургалтын автомашинд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгожээ. Мөн болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах сургалт, дадлагад хамруулж чадсанаараа үр дүнтэй сургалт болсон байна.
Сэлэнгэ аймаг нь газар хөдлөлтийн гол бүсэд хамрагддаг бөгөөд өнгөрсөн 2017 онд тус аймгийн нутаг дэвсгэр дээр гурван удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм.
Ч.Отгонцэцэг
Related news