Бэлчээр ашиглалтын журмын төслийг иргэдээр хэлэлцүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд бэлчээрийн даац хэтэрсэн, зарим газар 3-5 дахин хэтрэлттэй гэх тооцоолол гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журмын төсөл гаргасан байна.
Журмын төслийг аймгийн бүх багийн иргэдээр хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг маргааш /2018.05.10/ эхлэх гэж байна.
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төслийг боловсруулахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1-д заасан харилцаанд нийцүүлжээ.
Уг журмын төслийг баталсны дараа сум бүр өөрийн нутаг дэвсгэрт тохирсон журмыг боловсруулан мөрдөж ажиллах аж.
Журмын төсөлд тусгаснаар хонин толгойд шилжүүлснээр хоёр ам бүлтэй өрхийн 400 толгой, 3-4 ам бүлтэй өрхийн 500 толгой, зургаагаас дээш ам бүлтэй өрхийн 600 хүртэлх толгой малыг холбогдох татвараас чөлөөлөхөөр, дээрх тооноос хэтэрсэн бол хонин толгойд шилжүүлснээр тооцож татвар оногдуулахаар заажээ. Уг татварыг тухайн сумын бэлчээрийн санд төвлөрүүлж, төвлөрсөн мөнгийг тариалангийн чиглэлээр тодорхой бэлчээрийг хашаажуулах, уст цэгийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, үүл буудах зэрэг зөвхөн бэлчээрийн чанарыг нэмэгдүүлэх ажил, арга хэмжээнд зарцуулах юм байна.
Б.Мөнхзул