Өгийнуур, Хотонт, Ихтамир суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-10 12:08:58
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Ихтамир сумдад шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Өгийнуур суманд малын гоц халдварт шүлхий өвчин гуравдугаар сарын 5-нд гарсан. Тус суманд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт 87 хувьтай байгаа бөгөөд тавдугаар сарын 2-ны байдлаар вакцины 1-р тунг 485 өрхийн 18886 малд, 2-р тунг 133 өрхийн 5199 малд хийсэн байна. Мөн Өгийнуур суманд малын гоц халдварт шүлхий өвчтэй 243 малыг устгажээ. Тус суманд хяналтын таван цэгт 72 албан хаагч, 16 техник хэрэгсэл ажиллаж байна.

Хотонт сумын Бургалдай багийн “Дойтын үзүүр” гэдэг газарт 3-р сарын 3-нд гарсан гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм мөн үргэлжилж байна. Нийт 166 өрхийн 11552 толгой малыг вакцинжуулж, ажлын гүйцэтгэл 90,3 хувьтай байна. Давтан вакцинжуулалтыг 25 өрхийн 8048 толгой малд хийх ажил 99.3 хувьтай байна. Тус суманд нийт 211 малыг устгаж, голомтын бүсэд байгаа 11 өрхийн 19750 мкв талбай хашаа хороо, өтөг бууцанд хоёр удаагийн ариутгалыг хийжээ. Байнгын 3, хөдөлгөөнт нэг постонд нийт 13 албан хаагч, 6 техник хэрэгсэл ажиллаж байна.

Ихтамир суманд малын гоц халдварт шүлхий өвчин 3-р сарын 29-нд гарсан. Тус суманд байнгын 8 постонд 37 хүн, 14 техник хэрэгсэл ажиллаж байна. Вакцины 1-р тунг 1049 өрхийн 100704 толгой малд хийж, вакцинжуулалт 89 хувьтай байгаа ба 2-р тунг 7221 толгой малд хийжээ. Голомтын бүсийн авто машин болон хашаа хороо, өтөг бууц гээд нийт 15400 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Тус сумын 12 өрхийн шүлхий илэрсэн 289 малыг заавар журмын дагуу устгалд оруулжээ.
Б.Гэрэлт-Од
Related news