Аяллын хөтөч тайлбарлагч, жолооч нарыг сургалтанд хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-19 18:31:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран “Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье” сэдэвт хөтөч тайлбарлагч, жолооч нарын сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Өлгий хотод амжилттай зохион байгууллаа.

Сургалтад аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, иргэдээс 150 гаруй хүн оролцлоо. Оролцогчдод мэргэжлийн хүмүүс хил хамгаалах хууль тогтоомж, тээвэрлэлтийн аюулгүй байдал, осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд, жолооч, хөтөч тайлбарлагчийн  үүрэг, хариуцлага, эмнэлгийн анхан шатны тусламж, харилцааны соёл, Баян-Өлгий аймгийн аяллын онцлогууд,  зочдыг угтах, үдэж гаргах, аяллын зургийг хэрхэн авах зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр аяллын жолооч, хөтөч тайлбарлагч нарын мэдээллийг нэгдсэн санд оруулж, сертификат олголоо.

Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулсан уг арга хэмжээнд  Голомт банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Ө.Нурболат

Related news