Аймгийн нийт нутгийн тав гаруй хувьтай тэнцэх газарт тусгай зөвшөөрөл олгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-21 21:16:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарын хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай төсөл"-тэй хамтран  “Аймгийн уул уурхай, бичил уурхайн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд сумдын удирдлага болон сумдын ЗДТГ-ын хууль, эрхзүйн мэргэжилтэн, газрын даамал, байгаль хамгаалагчид, уул уурхай болон бичил уурхай эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо. Түүнчлэн аймгийн уул уурхай, бичил уурхайн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны эрүүл мэнд сэдвээр мэргэжлийн хүмүүс мэдээлэл хийж хэлэлцүүллээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалын тайлбарласнаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 16 аж ахуйн нэгж 10628,11 га талбай бүхий 25 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 45 аж ахуйн нэгж 221441,6 га талбай бүхий 50 хайгуулын тусгай зөвшөөрөл, 8 аж ахуйн нэгж 749,67 га талбай бүхий 9 түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг аж. Энэ нь аймгийн нийт газар нутгийн 5 гаруй хувьтай тэнцэхүйц үзүүлэлт юм. Үүнээс одоогоор "СС Монголиа", "Бүркит корпораци", "Кайнар вольфром", "Юү Шэнг Минг", "Монголын алт корпораци", "Эс жи майнинг эрдэс" зэрэг компаниуд Цэнгэл, Булган, Ногооннуур, Улаанхус сумдад олборлолтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байна.

Ашигт малтмалын нөөц ихтэй тус аймгийн хувьд уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Иймд уул уурхай эрхлэгчдэд төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, бичил уурхай эрхлэгчдийг зохион байгуулалтад оруулах, байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулсан ажээ.

 

Ө.Нурболат

Related news