Аймгийн аварга тогооч шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-28 15:05:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хоол үйлдвэрлэгчдийн "Галайхан" холбооноос "Тогоочдын аймгийн аварга шалгаруулах уралдаан"-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өлгий хотноо амжилттай зохион байгууллаа.

Анх удаагаа явуулсан тус арга хэмжээг зохион байгуулахад Монголын Мастер Тогоочдын Холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, "Арвин" зоогийн газар дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна. Тус уралдаан нь тогоочдын ур чадвар, чадвамжийг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, туршлага солилцох, улсын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцох боломж бүрдүүлэх, ирэх сарын 8-ны өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулах "Баруун бүсийн аварга шалгаруулах уралдаан"-ы бэлтгэлийг хангах зорилготойг "Галайхан" холбооны тэргүүн Ж.Пүрэвсүрэн онцоллоо.

Уралдаанд аймгийн төв болон хөдөө сумдаас 80 гаруй тогооч оролцож, зоогийн газар, кафены хоол, сургууль, цэцэрлэгийн хоол, талх, нарийн боов, шилдэг багийн төрлөөр хоол хийн өрсөлдлөө. Оролцогчдын хийсэн хоолыг Монголын Мастер Тогоочдын Холбооноос ирсэн зөвлөх багш нар шалгаруулж байр эзлүүлсэн юм. Шүүгчдийн шийдвэрээр Зэвсэгт хүчний 340 дүгэр ангийн тогооч Г.Ижилцэцэг, "Арвин" зоогийн газрын тогооч Х.Айбарша, Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн тогооч Н.Береке болон Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн "Таванбогд" баг тус тус шилдгээр шалгарлаа.

Тогоочдын аймгийн аварга шалгаруулах уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон явуулахаа зохион байгуулагчид илэрхийлээд байна.

Ө.Нурболат

Related news