Сэргээн засах төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдэд тоглоом хандивлах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-28 16:25:16
Увс /МОНЦАМЭ/. “Lead Mongolia-2017” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах төвөөр үйлчлүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоом хандивлах аян өрнөж байна. Энэхүү хөтөлбөрийг удирдан явуулж байгаа Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн Англи хэлний багш Б.Солонго өчигдөр Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр Увс аймагт ажиллаж амьдарч байгаа Энхтайвны корпусын сайн дурын багш нартай хамтран тоглоом хандивлах арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус аяныг дэмжиж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Цогцолбор 2-р сургууль, Стандартчлал хэмжилзүйн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр Халамжийн газар, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн хамт олон тоглоом хандивласан байна.
“LEAD MONGOLIA -2017” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд ажлын байр бий болгох төсөл Увс аймагт саяхан амжилттай хэрэгжиж дууссан юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй таван ээжийг талх, нарийн боовны болон багаар хамтарч ажиллах чадвар олгох 21 хоногийн сургалтанд хамруулснаар “Баялаг өгөөмөр бэйкэри” гэх нарийн боовны цех үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа билээ.
Б.Батхүү
Related news