Баян-Өлгийчүүд ногоон цай тариалж экспортод гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Азат" компани Сагсай сумын Улаан дээлийн услалтын систем бүхий 750 га газарт ногоон цай, малын тэжээл тариалж байна.
Нийт талбайн 50 гаруй хувийг ногоон цай эзэлж байгаа аж. Тус цайг хүнсний зориулалтаар хэрэглэх бөгөөд зах зээлд өндөр үнээр зарагддаг байна. Компанийн захирал Х.Бердимуратын тайлбарласнаар, тухайн ургамал нь 15 хоног тутамд ургац өгдөг байна. Цай түүх ажлыг орон нутгийн иргэдээр гүйцэтгүүлж, тэдний хураасан цайны 1 кг тутмыг нь 1500 төгрөгөөр үнэлэн худалдан авахаар болжээ.
Бүтээгдэхүүнийг манай улсын зах зээлд борлуулж, үлдсэн хэсгийг нь БНХАУ руу экспортод гаргахаар болоод байгаа ажээ.
Тус компанийн хувьд өнгөрсөн жил 240 га газарт туршилтаар рапс тариалж байсан юм.
Ө.Нурболат