Их богдын аялал энэ сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-04 20:39:01
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас Их богд уулын аяллыг энэ сард зохион байгуулахаар болжээ.
Тус аймаг энэ оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан орон нутгийн түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах, сурталчлах аяллын шинэ бүтээгдэхүүн үзмэр, маршрутыг гаргах ажлууд өрнөж байгаа аж. Энэ хүрээнд Говь-Алтай нурууны ноён оргил Их богд уулын үзэсгэлэнт байгальтай танилцах аяллыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд төлөвлөсөн байна.
Аялалд хамрагдах хүсэлтэй хүмүүс аймгийн ЗДТГ-т бүртгүүлэх боломжтой бөгөөд аялагчид Баянхонгор аймгийн төвөөс хөдөлж, Бор балгас-Ээж хад-Хавцгай хөндий-Хоёр улиас-Холбоолж нуур-Орог нуур-Пунцаг овоо-Ширээгийн бичигт хад-Гэгээн овоо-Цонж-Улиатай ам-Оюу Номин нуур зэрэг газруудыг үзэх аж.
Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм. Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг.
Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг байна. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг болох Их богд уул нь их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн төдийгүй хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий.
                                                                                                                                        Б.Мөнхзул
Related news