Төрийн шагналт зохиолчдын нэрэмжит яруу найргийн уралдаан жил бүр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Шилүүстэй сумын уугуул Төрийн шагналт сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоогийн нэрэмжит “Цастын цагаан оргил” яруу найргийн наадам Шилүүстэй суманд боллоо. Энэхүү наадмыг төрийн шагналтынхаа алдар хүндийг тэмдэглэх, хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулжээ.
Наадамд Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Түдэвтэй, Улиастай, Шилүүстэй сумдын 30 гаруй яруу найрагч оролцож тэргүүн байрыг Шилүүстэй сумын уугуул, залуу яруу найрагч А.Бөхням, дэд байрыг Цагаанчулуут сумын залуу яруу найрагч Г.Цэрэндолгор, гутгаар байрыг Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүлэгч гишүүн, Отгон сумын яруу найрагч Б.Туяацэцэг, тусгай байрыг Цагаанчулуут сумын яруу найрагч Ч.Нарангэрэл, Шилүүстэй сумын яруу найрагч н.Чагнаадорж нар эзэлжээ. Шилүүстэй сумаас Төрийн шагналт хоёр зохиолч төрсөн нь Б.Цэнддоо, Ц.Бавуудорж нар бөгөөд уг наадмыг ирэх жил Ц.Бавуудоржийн нэрэмжит болгон зохион байгуулж жил бүр хийж байхаар болжээ.
Сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоо аймгийн хүндэт иргэн болж цул мөнгөн тэмдгээр шагнуулав
Шилүүстэй сумын дунд сургуулийн 80 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь нутгаасаа төрөн гарсан төрийн шагналт хүмүүсээ алдаршуулан, тэдний үлгэр дууриаллыг залуу хойчдоо өвлүүлэх, бүтээл туурвилыг нь ард түмэнд хүргэх, нутаг усаа бахархан дээдлэх үзлийг улам дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэхүү арга хэмжээг Шилүүстэй сумын ЗДТГ, Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгууллаа. Манай сумаас Наро банчэн, Дилав хутагт, Мило богдоос эхлээд бичгийн мэргэд, эрдэм номт лам хуврагууд, Монгол Улсын анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар, тэмээчин Тостын Бумбаа, Нямсамбуу гээд үе үеийн оюунлаг, үлгэр жишээ сэхээтнүүд олноор төрсөн байдаг. Үүний нэг нь Б.Цэнддоо юм.
Б.Цэнддоо нь 1962 онд Шилүүстэй сумын Сайхан багийн нутаг Бага хөндлөнгийн босго хэмээх газар төрсөн. Бага дунд сургууль, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэж 1985 оноос Засгийн газрын төв хэвлэлүүдэд редактор, сурвалжлагч, орлогч эрхлэгч, эрхлэгч, Монголын Үндэсний олон нийтийн Радио телевизийн Удирдах зөвлөлийн гишүүн, 1999 оноос одоог хүртэл “Ардын эрх ба Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч, 2006 оноос “НЭПКО” хэвлэлийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр нийтлэл, улс төрийн шог, яруу найраг, шинжлэх ухааны танин мэдэхүй, судалгааны чиглэлээр, дангаараа болон хамтын 20 гаруй ном бүтээл туурвисанаас “Ерээд оны Тунгалаг тамир”, “Голын тэртээх Гацааны хавар” гэхчлэн уран зохиолын номууд, нэрт нийтлэлч Баабартай хамтран “Зугаатай танин мэдэхүй”, “Наргиантай танин мэдэхүй” шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлүүд, “Улс төрийн 333 онигоо”, “Марко Поло Монголд байсан нь”, “Ерөнхий уучлал” зэрэг сэтгүүл зүйн бүтээлүүд, “Амь халуун”, “Манай гудамжийг уруудаж явсаар” зэрэг яруу найргийн номууд бүтээж, өөрийн гэсэн уншигчдаар хүрээлүүлэн Монголын болоод Дэлхийн оюуны тавцанд хэдийн танигдсан билээ. Түүний алдартай нийтлэл, илтгэлүүд улс, олон улсын томоохон хурал, зөвлөлгөөнд Монгол Улсын оюун санааны хөгжлийн нэгэн нүүр болж ирсэн учир 1995 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2005 онд Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, 2010 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн 251 дугаар зарлигаар Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ.
Ийм л хүүгээ төрж өссөн нутаг ус, зон олон нь марталгүй, халуун хайр талархалдаа өлгийдөн, найман жилийн дараа Төрийн шагналынх нь алдрыг мялааж “Цастын цагаан оргил” нэртэй хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан түүний хийж бүтээсэнийг олзуурхан бахархаж явдагаа илэрхийлээд Завхан аймгийн “Хүндэт иргэн”-ний үнэмлэх, цул мөнгөн тэмдэгийг гардууллаа. Түүнчлэн төрийн шагналт сэтгүүлчтэй маань хамт Төрийн шагналт Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Шилүүстэй сумын уугуул Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн шог зураач, Монгол тулгатны зуун эрхмийн нэг С.Цогтбаяр, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралт, Цагдаагийн хурандаа, яруу найрагч С.Цэвээнлхазал, Улаанбаатар хот дахь Шилүүстэй сумын Нутгийн зөвлөлийнхөн тэргүүтэй 10 гаруй зочид хүрэлцэн ирж хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо хэмээн Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн нарийн бичгийн дарга Б.Баяржавхлан мэдээлэв.
Б.Мягмарсүрэн