Цогцолбор сургууль"Хүүхэд хөгжлийн тайлан"-гаа танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-14 23:51:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын лаборатори "Номундалай" цогцолбор сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн “Хүүхдийн хөгжлийн тайлан"-г эцэг, эхчүүдэд толилууллаа.
Тус сургууль энэ хичээлийн жилд 2350 сурагч, 112 багш ажилтан, 45 ажилчинтайгаар сургалт, хүүхэд хөгжлийн ажлаа зохион байгуулсан бөгөөд тайлан тоглолт энэ хичээлийн жилд амжилт гаргасан медальт сурагчдын парадаар эхэлсэн юм.
Тайлан тоглолтод сурагчид хөгжим, бүжиг, дуу зэрэг төрөл бүрт хамтлагаар оролцсон бөгөөд ардын хөгжмийн 45 сурагчтай оркестр, шанзны 12 сурагч, гитарын 12 сурагч, морин хуурын 15 сурагч, бүжгийн 15-25 сурагчтай хамтлаг авьяас билгээ толилуулжээ.
Сургуулийн захирал Ц.Алтангэрэл тайлан тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, "2017-2018 оны хичээлийн жил манай багш ажилчид, суралцагсдын хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Сургуулийн үйл ажиллагаа сурагчдын сурах, хөгжих гэсэн хоёр зорилгын доор өрнөж байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнгийн нэг баталгаа бол олон улс, улс, бүс, аймгаас зохион байгуулсан олимпиад, уралдаан, тэмцээнд сурагчдын оролцож гаргасан амжилт байдаг. Энэ хичээлийн жилд манай сургуулийн сурагчид олон улсын тэмцээн олимпиадаас нийт 76 медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа" хэмээн онцолж байв. Тухайлбал, 12б ангийн сурагчид Э.Бямбадорж, Б.Ууганбаяр, Э.Батмагнай нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө хүрэл медаль, 5г ангийн сурагч Ө.Оджаргал Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль, Олон улсын математикийн Кенгуру олимпиадаас 70 гаруй сурагчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Мөн улсын чанартай тэмцээнээс манай сургуулийн сурагчид нийт 245 медаль хүртсэн бол аймгийн чанартай олимпиад, уралдаан тэмцээнээс 462 медаль авч, нийтдээ 1476 медаль хүртсэн байна. 
                                                                                                                                               Б.Мөнхзул

Related news