Орос хэлний төвд Томск мужаас ном, сурах бичиг ирүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-16 16:53:10
Увс /МОНЦАМЭ/. Оросын Соёл шинжлэх ухаан, мэдээллийн төвийн харьяа Увс аймаг дахь Орос хэлний төвд ОХУ-ын Томск мужаас 2300 гаруй ном сурах бичиг, уран зохиолын ном ирснийг өчигдөр аймгийн удирдлагууд болон сургуулиудын орос хэлний багш нарын төлөөлөл хүлээн авлаа. Ингэснээр Увс аймгийн хүүхэд багачууд, оршин суугчид орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж нэмэгдэж байна.
Тэрчлэн, жил бүр ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгодог 500 квот тэтгэлэгт хөтөлбөрт хүүхэд залуучууд хамрагдан хойд хөршийн их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмших боломж бүрдлээ. Томск мужаас зөвхөн орос хэлний ном, материалууд хандивлахаас гадна 2017-2018 онд хоёр жил дараалан Томск мужийн улсын багшийн их сургууль, политехник их сургуулиас орос хэлний мэргэжилтэн багш нар ирж Увс аймгийн орос хэлний төвд хүүхэд багачууд, насанд хүрэгчид, орос хэлний багш нар, хил, гааль, мэргэжлийн хяналтын ажилтнуудад орос хэлний сургалтуудыг явуулж байна. Ийнхүү Увс аймаг дахь Орос хэлний төвийн үйл ажиллагааг ОХУ-ын Томск мужийн захиргаа бүх талаар дэмжин ажиллаж байна.
Б.Батхүү
Related news