Завханд усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил энэ сард дуусна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт “Бүтээн байгуулалт-14” эрчимжүүлсэн аян зургадугаар сарын 18-ны өдрөөс эхэлжээ. Энэхүү аяны хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй холбогдох албаныхан Улиастай суманд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцаж, хөрөнгө оруулалт, хүндрэлтэй байгаа асуудлуудын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Ийнхүү ажлын хэсэг Улиастай сумын төв Жавхлант толгой дээр байрлах Хутагтуудын гүдэн цогцолборын сэргээн засах барилгын ажилтай танилцлаа. Энэхүү цогцолборыг орон нутгийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж байна. Тус цогцолборыг сэргээн засварлах ажлыг Тэсийн бүрд ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Тус компани цогцолборын нийт 108 суваргыг засаж будаж мөн Сэрүүн тавцан бүхий усны бурханыг сэргээжээ. Түүнчлэн гүнгэрваатай бурхадын гадна шилийг шинэчилж будаж, гүдэн цогцолбороос Төгс буянт жавхлант хийдрүү уруудсан явган хүний бетонон шатыг шинээр хийжээ. Цаашид цогцолбор, 108 суварганы гэрэлтүүлгийн ажлыг хийж наадмаас өмнө хүлээлгэж өгөх тухай Тэсийн бүрд ХХК-ийн инженер энэ үеэр мэдээлэв.
800 хүний суудалтай театрын барилгын ажлын карказын ажил дуусч байна
Завхан аймагт баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын карказын ажил дуусаж байна.
Барилгын ажил 2012 оноос хойш царцаж орон нутагт дахин тендер шалгаруулалт зарлаж “LCB” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар барилгын карказын ажил дуусаж байгаа. Хэдэн жил дамнан царцсанаас болж барилгын түүхий эд материал, ажлын хөлсний үнийн зөрүүтэй байдал барилгын ажил хэвийн явагдахад хүндрэлтэй болсон байгаа. Учир нь анх төсөвлөгдсөнөөс хойш барилгын материалын үнэ, шатахууны үнэ, ажлын хөлс өндөр өртөгэй болсон байгаа. Хэрвээ энэхүү үнийн зөрүү санхүүжилт шийдэгдчихвэл барилгын ажлыг явуулахад ямар нэгэн асуудал байхгүй хэмээн “LCB” ХХК-ийн инженер С.Пүрвээ хэлэв. Дашрамд дуулгахад 800 хүний суудалтай театрын барилгын ажлыг гүйцэтгэж буй “LCB” ХХК нь орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байсан туршлагатай учраас ажиллах хүч, техник тоног төхөөрөмж хүрэлцээтэй, хөрөнгийн асуудал шийдэгдвэл гэрээт хугацаандаа дуусгаж ашиглалтанд өгөх бүрэн боломжтой ажээ. 2012 онд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгыг 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсөв нь хийгджээ. Одоогоор 3.7 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлыг хийгээд байна. Үлдсэн санхүүжилт хөрөнгийг ирэх хоёр жил улсын төсөвт суулгавал 2019 онд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга ашиглалтанд орох боломжтой юм байна.
Цэнгэлдэх хорооллын ажил эрчимтэй явагдаж байна
Анх 2017 онд иргэдийн санаачлагаар Улиастай сумын Богдын гол багийн нутагт Цэнгэлдэх хорооллыг барих ажлыг эхлүүлжээ. Өнөөдөр тус хорооллын барилгын ажил ид явагдаж байна. Нийт 4 га талбайд 200 өрхийн орон сууц баригдаж байна.
Улиастай сумын иргэдийн санаачлагаар байгуулж буй хорооллын шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхэд төсөв хөрөнгө байхгүй байсан ба нэг айлын газрыг дөрвөн сая төгрөгөөр үнэлж энэ санхүүжилтээр нь Улиастай сумын ЗДТГ-аас цэвэр бохир, эрчим хүчний шугам татах ажлыг хийжээ. Өнөөдрийн байдлаар газраа авсан өрхүүдийн 70 орчим хувь нь өөрсдийн хөрөнгөөр амины сууцаа бариад эхэлсэн байна. Цэнгэлдэх хороололд 104 өрх амины орон сууц буюу хаус хэлбэрээр орон сууцтай болж байна. Харин 96 өрх нь таун хаусанд суурьшихаар захиалгаа өгсөн байна. Таун хаус нь бага дунд орлоготой залуу гэр бүлүүдэд зориулагдсан хямд өртөгтэй, тохилог сууц юм. Энэхүү хаусыг иргэд найман хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж худалдаж авах боломжтой юм. Цаашид энэхүү хороололд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, дэлгүүр нь хаана байрлах вэ гэхчлэн төлөвлөгдсөн олон ажлууд бий. Тохижилтын ажлыг барилгууд баригдсаны дараа хийх юм хэмээн Улиастай сумын Засаг даргын Орлогч С.Ядамжав хэллээ.
Нэг айлын Таун хаус 50 сая төгрөгний өртөгтэй баригдаж байна
Харин таун хасуын барилгын ажлыг гүйцэтгэж буй Ган компани нь өнөөдрийн байдлаар 12 айлын таун хаусыг ашиглалтад өгөхөд бэлэн болжээ.
Таун хаусны онцлог барилгын явцын талаарх мэдээллийг Ган ХХК-ийн зөвлөх инженер Т.Пүрэвжаргалаас тодруулахад: -"Манай компаний гүйцэтгэж буй таун хаусны барилгын ажил 80 гаруй хувьтай явж байна. Энэ барилга нь хоёр давхар, орчин үеийн технологоор баригдаж байгаа тоосгон ханатай, зүрхэвчтэй, бетон суурьтай, нэг давхартаа гал тогоо, зочны өрөөтэй. Дээд давхартаа унтлагын өрөөтэй, нэг айлын хоёр давхар сууц юм. Давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй зохион байгуулагдсан. Нэг айлын хоёр давхар сууц нь нийт 73мкв талбайтай. Нэг айлын сууцыг 1мкв нь 700 мянган төгрөг буюу 50 сая төгрөгийн өртөгтэй барьж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн захиалгаа өгсөн 12 айлын орон сууц ашиглалтанд орох гэж байна. Дараагийн ээлжийн 12 айлын орон сууцны барилгын ажил үргэлжлэн явагдана. Манай компани өөрийн хөрөнгөөр барилгын материалаа татаад барилгын ажлыг эхлүүлсэн. Захиалга өгсөн иргэд 50 хувийн урьдчилгаагаа төлсөн байна. Орон сууцыг ашиглалтанд өгөхөд түлхүүрийг шууд гардуулж өгөхөд үлдсэн тавин хувийн төлбөрөө захиалгаа өгсөн айлууд маань төлөөд түлхүүрээ гардаж авах нөхцөлтэй гэрээ байгуулагдсан байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас баригдаж эхэлсэн орон сууцны ажил маш эрчимтэй явагдаж байна. Үндсэндээ захиалга дууссан байна. Бид мөн нэмэлт урамшуулал өгч байгаа. Тодруулбал орон сууцны гадна талын хайс, хашаа, бетонон замыг урамшуулал болгож үнэгүй хийж өгч байна. Нэмж хэлэхэд энэхүү таун хаусны үнэ яг нарийн тооцвол нийт квм-ийн хэмжээ одоогийн зах зээлд маш бага үнэлэгдсэн. Энэ бол боломж юм. Учир нь орон нутгаас залуу гэр бүлүүдийг дэмжих тэдэнд тохилог сууцанд амьдрах боломжийг олгосон нь сайшаалтай юм." гэлээ.
Хутагтын хүрээлэн өнгө засав
Улиастай сумын Жинст багт байрлах Хутагтын хүрээлэнд Улиастай сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний алба хамтран бүтээн байгуулалтын ажлыг хийжээ.
Тухайлбал энд хүрээлэнгийн усан оргилуурыг засаж, гэрэлтүүлэг, гадна хайс, хашааг засварлаж ногоон байгууламжийг нэмэгдүүлжээ. Тодруулбал сарнайн бут, гүйлс, үхрийн нүд, голт бор, нарс гэхчлэн нийт 50 орчим модыг суулгажээ. Ийнхүү Улиастайн хүүхэд залуучууд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг хүрээлэн наадмын өмнө өнгөө засаад байна. Сонирхуулахад хутагтын хүрээлэнг анх 2013 онд барьсан бөгөөд Завхан аймгаас төрсөн Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ цэцэрлэгт хүрээлэн аймгийн төвийн төв тойргийн орчимд буюу Жавхлант толгойн урд хэсэгт байрлаж орчин үеийн гэрэлтүүлэг бүхий усан оргилуур, Жалханз хутагтын хөшөө, аймгийн газрын зураг бүхий чулуун тавцан, төмөр тулга, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болж өргөжсөн байна. Дашрамд дуулгахад Улиастайд энэ жил нийтийн эзэмшлийн зам талбайд 10 төрлийн 8972 ширхэг мод тарьжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд хөгжиж, хүмүүжих боломжтой болно
Завхан аймгийн Онцгой байдлын газрын ашиглаж байсан нэг давхар 24х14 харьцаатай тоосгон байшинг цэцэрлэгийн зориулалтаар засварлаж байна.
Тодруулбал тус барилгын засварын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр Онцгой байдлын алба хаагчид өөрсдийн нөөц бололцоогоор засварлаж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар барилгын засварын ажил 70 орчим хувьтай явагдаж байна. Ирэх наймдугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд өгөх юм. Тус цэцэрлэгийн барилга нь дотроо 9 өрөөтэй, хоёр танхимтай, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, эцэг эхчүүдийн амрах, хөгжих өрөөтэй байх юм. Мөн цэцэрлэгийн тавилга, зөөлөн эдлэлийг орон нутгийн хөрөнгө, УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгээр тохижуулахаар болжээ. Энэхүү цэцэрлэг нь Богдын гол багт байрлах хамгийн ойр цэцэрлэгийн нэг бүлэг болон ажиллах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, Онцгой байдлын алба хаагчдын хүүхдүүдийг хамруулсан хоёр ангитай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд хүмүүжих боломжтой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэхээс гадна өөрсдөө энд хөгжих, суралцах боломжийг ч бүрдүүлж өгсөн. Цэцэрлэг 9 сараас үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, багш нарыг бэлдэж байгаа хэмээн аймгийн Засаг дарга Д.Батсайхан дуулгалаа.
Завхан аймаг бүрэн камержсанаар гэмт хэргийн гаралт буурна гэв
Завхан аймгийн төв Улиастай сумыг бүрэн гэрэлтүүлэх, камержуулах ажил ид хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар Улиастай сумын хэмжээнд шинээр 245 сая төгрөгийн 300 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг төв зам дагуу шинээр хийж байна. Мөн Улиастай сумын хэмжээнд 196 сая төгрөгөөр 54 байрлалд 137 ширхэг камерийг байршуулжээ. Түүнчлэн аймгийн төвийн Жавхлант толгой, Өндөр толгой, Ямаа майлдаг, Соёмботой толгой гэхчлэн дөрвөн өндөрлөг газарт эргэдэг хүчин чадал өндөртэй камер байрлуулж байгаа юм байна. Ингэж камержуулснаар Улиастай хотод гарах гэмт хэргийн тоог бууруулах, замын хөдөлгөөний дүрэм, хулгай дээрэм, хууль зөрчих, эзэнгүй хог хаягдлыг бууруулах, илрүүлэх гэхчлэн хууль зөрчиж буй үйлдлүүдэд хяналт тавих боломжтой болжээ. Нийт камерийн хяналтын бичлэгийг аймгийн Цагдаагийн газар 24 цагаар ажиллаж хянаж байгаа юм байна. Энэхүү камержуулах ажлыг Төгс хурц консалтинг ХХК гүйцэтгэж байна. Сонирхуулахад гудамж талбайд байршуулсан жижиг камер нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн Дао Хо үйлдвэрийн 4мега пиксельтэй, зум хийдэг, холдуулж ойртуулдаг, харах зай хязгааргүй, 50 метрт таних хүчин чадалтай бол. Өндөрлөг газар суурилуулсан камер нь холоос тодруулж татах, таних чадалтай камерууд ажээ.
Баруун бүсийн спорт цогцолбор ирэх 9 сард ашиглалтад орно
Завхан аймгийн төв Улиастай хотод улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Спорт цогцолборын барилга угсралтын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Энэ долдугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөх юм байна.
Улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн төсөвтэй баригдаж байгаа Баруун бүсийн олимпийн сургалтын төв, усан спортын цогцолбор барилга нь 2013 оноос эхлэн суурь нь тавигдсан бөгөөд барилгын ажил хэд хэдэн удаа царцаж санхүүжилт зогссоноос өнгөрсөн жилээс барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Тус спорт цогцолбор нь 1000 хүний суудалтай, дотроо хоёр биеийн тамирын заалтай, 330м куб ус багтах хүчин чадалтай усан бассейн, мини хүүхдийн бассейнтай. Өнөөдрийн байдлаар гадна пасадны ажил бүрэн дууссан дотор пасадны засал чимэглэлийн ажил хийгдэж байгаа. Гадна тохижилтийн ажил эхлээгүй байна. Энэ долдугаар сарын сүүлээр ашиглалтанд өгнө. Ер нь Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох обекьт юм хэмээн тус барилгын ажлыг гүйцэтгэгч “LCB” ХХК-ийн ерөнхий инженер Н.Баяржаргал хэллээ. Дашрамд дуулгахад спорт цогцолборын барилгыг долдугаар сард хүлээн авч 9-р сард үйл ажиллагааг нь эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд аймаг орон нутгийн холбогдох байгууллагууд энэхүү томоохон цогцолборт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд уламжлаад байгаа ажээ. Сонирхуулахад спорт цогцолборын гадна орчны загвар өнгөний шийдэл нь Завхан аймгийн туг далбааг бэлгэдэж хийсэн ажээ.
Б.Мягмарсүрэн