Богд сум урлагийн наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:58:04

"Богд-2015” урлаг, спортын анхдугаар наадмыг Баянхонгор аймгийн Богд сум зохион явуулжээ. Наадам спортын 6, урлагийн 7 төрлөөр болсон бөгөөд сумын зургаан багийн иргэд  урлаг, спортын нэг төрөлд нэг хүн давхардалгүй оролцож 500 орчим хүн өрсөлдсөн байна.

Хөдөөгийн зарим баг Жинст суманд очиж бэлтгэл сургуулиа базаасан нь бүтэн хоёр өдрийн турш гойд сонирхолтой үргэлжилсэн урлагийн наадам боллоо гэдгийг шүүгчид нь ярив. Уртын дуу, уран өгүүлэхүй, харилцаа дуу, гоцлол дуу, найрал дуу, бүжиг, цөөхүүл хөгжмийн төрлүүдээр өрсөлдсөн бол, спортын төрөлд үндэсний шагайн харваа, үндэсний бөхийн тойргийн барилдаан, гар бөмбөг, буухиа гүйлт, ширээний теннис зэрэг төрлүүдээр явагдаж шүүгчид бага онооны системээр дүгнэж эцсийн дүнгээ гаргажээ. Багийн дүнгээр сумын төвийн Зургадугаар баг тэргүүн байрт шалгарч 2.0 сая төгрөгийн эзэд болсон бол “Гурван гол” 2дугаар баг, Луугарын 1дүгээр баг шалгарсан байна.

Б.Мөнхзул

 

Related news