Япон улс 2050 он гэхэд дан цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслүүдийг түлхүү үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-07-25 11:31:00
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Япон улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор 2050 он гэхэд зөвхөн цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслүүдийг түлхүү үйлдвэрлэхээр болжээ.

Өнгөрсөн мягмар гарагт болсон уулзалтаас тус улсын аж үйлдвэрийн яам ийм шийдвэр гаргажээ. Уг уулзалтад Тоёота, Ниссан, Хонда зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниудын төлөөлөгчид хийгээд их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцсон байна.

Тэд 2010-2050 оны хугацаанд автомашинаас ялгарах хүлэмжийн хийг 80 орчим хувиар бууруулах урт хугацааны зорилт бүхий төлөвлөгөөг боловсруулжээ. Уг зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн цахилгаанаар ажилладаг автомашин хийгээд хос хөдөлгүүрт болон дотоод шаталтын хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэх ажээ. Аж үйлдвэрийн салбар, эрдэм шинжилгээний байгууллагууд болон засгийн газар нь шинэ төрлийн зай хураагуур, хөдөлгүүр зэрэг шинэ үеийн технологийг боловсруулан хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон байна.

“Цахилгаанаар ажилладаг хөдөлгүүрийг үйлдвэрлэх зорилго тавьсан нь хийн ялгарлыг ихээхэн бууруулахад онцгой ач холбогдолтой юм” гэж тус улсын аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.

“Дэлхийн хэмжээнд, ялангуяа Европ болон Хятадад, ийм төрлийн тээврийн хэрэгслийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй нөхцөлд Японы улсын зүгээс дээрх үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхлэж байгаа юм” гэж телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээндээ дурдсан байна.
Э.Хулан
 

Related news