ЭЕШ-ын дундаж оноогоор улсын хэмжээнд долоон байраар урагшилж хоёрдугаарт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-08-27 16:38:12
Увс /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд зориулсан Увс аймгийн багш нарын бага хурал өнөөдөр болж байна. Бага хуралд аймгийн боловсролын байгууллагын удирдлагууд болон багш нарын төлөөлөл оролцож байна. Хурлын үеэр өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажил, амжилтаа дүгнэн цэгнэж, ирэх хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажил, хүрэх зорилгоо тодорхойлон ярилцсан юм.
Тухайлбал, өнгөрсөн жил улсын төрөлжсөн олимпиадын 2-р шатыг амжилттай зохион байгуулж, улсын олимпиадаас алт 4, мөнгө 4, хүрэл 5, нийтдээ 13 медалийг Увс аймгийн багш, сурагчид хүртжээ. Тэрчлэн, 2017-2018 оны хичээлийн жилд ЭЕШ-ын дундаж оноогоор улсын хэмжээнд 520,6 оноогоор 2-р байр эзэлсэн байна. Энэ нь өмнөх оноос эзлэх байр 7-оор урагшилсан, дундаж 18,6 оноогоор ахисан үзүүлэлт аж. Мөн 2017-2018 оны хичээлийн жилийн аймгийн анги нийтийн олимпиадад 29 сургуулийн 266 бүлгийн 5062 сурагч хамрагдаж, дундаж гүйцэтгэл 38,4 хувь, 31 цэцэрлэгийн 45 бүлгийн 1210 хүүхэд хамрагдаж, дундаж гүйцэтгэл 59,8 хувьтай байжээ. Үүнээс гадна Монгол Улсын зөвлөх багшийн тоо зургаагаар нэмэгдэж, багш нарын мэргэжил ур чадвар жилээс жилд дээшилж байгаа зэрэг дэвшил гарсныг бага хурлаар онцолж байлаа.
Энэ онд Увс аймагт нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагийн 60 хувь нь боловсрол, соёл урлагийн салбарт хийгдэж байгаа аж. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8 барилга шинээр барьж эхлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1 цэцэрлэгийн өргөтгөл барих, нийт 9 барилгын ажил тусгагдсан бөгөөд үүнээс 6 барилгын ажил нь эхэлж, гүйцэтгэл нь 20-40 хувьтай байна. Ийнхүү ирэх хичээлийн жилд илүү их амжилт гаргаж ажиллахаа Увс аймгийн багш нар бага хурлаараа илэрхийлж байв.
Б.Батхүү
Related news