Худалдаачид ирэх сарын 1-нээс өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-28 18:42:42
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Худалдаачдын төлөөлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нээлттэй уулзалт зохион байгуулахыг шаардан 12 дахь өдрөө Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт хийж байна.

Монголын 300-400 мянган худалдаачдын эрх ашгийг төлөөлөн энэхүү суултыг хийж байна хэмээн Монголын худадаачдын холбооноос  мэдээллээ. 
Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа, “Ерөнхий сайдтай уулзах гэж буй шалтгаан нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн 7 заалт бүхий шаардлагынхаа хариуг өдий хүртэл аваагүй, Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19 дүгээр зүйлд “Төр иргэнийхээ эдийн засаг, нийгмийн баталгаа байх ёстой” гэж заасан боловч “Худалдаачин” гэх нэр томъёо ямар ч хуульд байдаггүй тул өр, зээл, түрээс, хүү, алданги, цагдаа, төрийн албаныхны, мөнгө хүүлэгчдийн төрөл бүрийн дарамтанд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг. Гэтэл худалдаачин бидний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ямар ч төрийн бодлого байхгүй байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монголын худалдаачдын холбооны төлөөлөлтэй энэ сарын 1-ний дотор олон нийтэд нээлттэй уулзалт зохион байгуулахыг  шаардаж байгаа юм” гэв.
Хэрвээ уг шаардлагыг хүлээн авахгүй бол тэд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.
С.Мөнхбаатар
Related news