“Зочин багш” өгөөжөө өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 20:23:18

Сумдын сургуулийн сургалтын чанар, үйлчилгээнд ахиц гаргах зорилгоор “Зочин багш” хөтөлбөрийг Баянхонгор аймаг хэрэгжүүлснээр сурлагын амжилт 56.2 хувьд хүрч, ЭЕШ-ын математик, монгол хэл, түүх нийгмийн хичээлийн оноо 5-9 байр ахижээ.

Мөн Номгон, Номундалай, Эрдэм, Соого сейко, Өлзийт, Бууцагаан сумын сургуулиуд сүүлийн 2 жил тогтмол амжилт үзүүлж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” тэргүүний арга туршлагатай багш нарын аргазүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор багш нарын хичээлд нэг бүрчлэн аргазүйн зөвлөгөө өгч, харилцан сургалт зохион байгуулах, зөвлөн туслах зэрэг сургалтын бүхий л үйл ажиллагаа явуулжээ. ОНХСангаас тус ажилд 18 сая төгрөг зарцуулсан бөгөөд сургагч багш нар хэлэхдээ, хөдөө сумдад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлын нэг нь сурагчдад интернэт хэрэглэх боломж нөхцлийг бий болгох тал дээр орон нутгийн зүгээс анхаарах шаардлагатай байгааг онцолж буй. Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжилтэй хэмээгдэх энэ цаг үед, хөдөөд 10 хүүхэд тутмын зөвхөн 1 нь интернэт ашиглаж байгааг анхааралдаа авах шаардлагатай гэж үзжээ.

Боловсролын шинэчлэлийн зорилго, зорилтын хүрээнд орон нутгийнхаа багш нарын үйл ажиллагааг дэмжиж, Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Зочин багш” хөтөлбөр улсын хэмжээнд жишиг болж чадсаныг зохион байгуулагчид онцолж байна.

Б.Мөнхзул

 

Related news