Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Нэгдүгээр багийн нутагт “Илдэн бэйлийн хүрээний туурь” бий.
Сумын төвөөс баруун хойш, Горхон голын сав, Сүмбэр уулын хойт биед хүрээний туурь орших бөгөөд хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны шашин, соёлын төв байсан түүхэн дурсгалт газар юм.
Тухайн үедээ Бэйлийн хүрээ нь 15 -20 орчим дугантай, мянга орчим ламын данстай, зуны дунд сарын 15-нд цам гарч, Майдар эргэдэг, намрын эхэн сард хошуу нутгийн хилийн дээсийг тойрч Ганжуур эргэдэг, өвлийн адаг сард сор залдаг байжээ.
Тус хүрээ нь мод болон шавар тоосгон дуганаас бүрддэг байсан ба хүрээнийхээ баруун хойно найман суваргатай, хүрээнд ном судар барладаг жижиг хэмжээний бархан байв. Мөн хүрээний ойролцоо хятадын худалдааны жижиг мухлаг байсан ба цөөхөн хятадууд малын арьс шир түүхий эд цуглуулах, бааюу цохиж тоосго бэлтгэх зэргээр хүрээний ойролцоо түр суурьшиж байжээ.
1880-аад оны дунд үеэс гавжийн дамжаа барьж, гавж, маарамба зэрэг цолтой эрдэмтэн лам нарыг цөөнгүй бэлтгэж байсан байна.
Хүрээг 1936 оны сүүлчээс эхлэн хааж, цол зэрэгтэй лам нарыг нь баривчлан доод, дунд лам нарыг хүчээр хар болгон тарааснаас уг хүрээ бүрэн эзгүйрч, 1937 оны хавар сүм дугануудыг нураажээ.