Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль нь эх оронч үзэл, үндэсний бахархлыг өдөр тутмын дадлаар төлөвшүүлэх зорилгоор сурагчид хичээлээ өдөр бүр Төрийн дуулал дуулж эхлүүлэх санаачилгыг өрнүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр сургуулийн анги бүрд Монгол Улсын Төрийн далбаа байршуулсан бөгөөд цаашид хичээлийн өдөр бүрийн эхний цаг дээр сурагчид, багш, ажилтнууд хамтдаа Төрийн дууллаа эгшиглүүлж хэвших юм.
Тус сургуульд 1978-2003 онд орос хэлний багшаар ажиллаж байсан П.Алтантуяагийн гэр бүл түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн, хүүхэд, залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор ангиудад Төрийн далбаа гардуулан өгчээ. П.Алтантуяагийн хүүхдүүд мөн тус сургуулийг төгссөн бөгөөд хичээлийн эхэнд Төрийн дуулал дуулж хэвших санаачилга Нэгдүгээр сургуулиас хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.
Цаашид сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нар Төрийн далбаа, Төрийн дууллын түүх, утга учир, бэлгэдэл, ач холбогдлыг сурагчдад таниулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 2620 сурагч суралцаж, 145 багш, ажилтан ажиллаж байна. Хичээлийг Төрийн дууллаар эхэлдэг энэхүү дадал нь сурагчдад эх орноо хайрлах сэтгэл, үндэсний бахархал, төрийн бэлгэ тэмдгээ хүндэтгэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.