Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудын хэл яриа, сэтгэн бодох чадвар, төсөөлөн бодох сэтгэлгээг хөгжүүлэх, үлгэрээр дамжуулан хүмүүжил, төлөвшилд нь эерэг нөлөө үзүүлэх зорилготой “Үлгэрч өвөө” үйл ажиллагааг Баянхонгор хотноо зохион байгуулав.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр “Үлгэрч өвөө” үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхдийн “Тэмүжин” театр, аймгийн Түүх-угсаатны зүй, байгалийн музей, Баянхонгор сумын 1, 4 дүгээр цэцэрлэг хамтран хэрэгжүүлсэн юм. Баянхонгор сумын 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, Б бүлэг, 4 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийг хамруулсан тус хөтөлбөр энэ оны гуравдугаар сарын 10-нд эхлэн, энэ сар хүртэл үргэлжиллээ.
"Үлгэрч өвөө" нь уран зохиолын агуулга, уран сайхны дүр дүрслэл, яруу сайхан хэллэгийг ашиглан сайн талын баатрын хөдөлмөрч, үнэнч шударга, эрэлхэг зоригтой, нөхөрсөг шинж төрхийг хүүхдэд ойлгуулж, тэдний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх, өв тэгш төлөвшилд хувь нэмэр оруулах зорилготой.
Энэхүү үйл ажиллагаа сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдан зохиолд суурилсан арга зүйгээр хүүхэд багачуудыг төлөвшүүлэн, хүмүүжүүлж нийгэмшихүйн суурь чадварыг дэмжих ач холбогдолтой юм. Мөн үйл ажиллагааны хүрээнд уран зохиолын баялаг үг хэллэг, уран сайхны дүр дүрслэлийг ашиглан хүүхдүүдийн үгийн санг баяжуулах, сонсож ойлгох, өөрийн бодол санааг чөлөөтэй илэрхийлэх, дүрд хувиран тоглох замаар бүтээлч сэтгэлгээг нь дэмжихэд анхаарч ажиллажээ.