Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

БЕРЛИН, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /DW/. Герман улс Украинд нийлүүлэх тагнуулын зориулалттай “Бабка” нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг өөрийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэж эхэлнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус даваа гарагт Берлин хотноо Украины Батлан хамгаалахын сайд Евгений Хмаратай уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Б.Писториусын мэдээлснээр, уг төслийг хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрдүүлэхэд Герман улс 34 сая орчим евро зарцуулах аж. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор Германы “Вингкоптер”, Украины “Шэдоу Флайтек” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулсан байна.
Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар Германы Зэвсэгт хүчин Украины “Дельта” байлдааны удирдлагын системийг ашиглах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Германы Батлан хамгаалахын сайдын тайлбарласнаар, уг систем нь байлдааны талбар дахь нөхцөл байдлын талаарх мэдээллийг бодит цагийн горимд нэгтгэн харуулах боломжтой. Өнгөрсөн сард Германы Хуурай замын цэргийн хүчин уг системийг Украины цэргийн алба хаагчидтай хамтран туршсан гэж Б.Писториус мэдээлжээ. Одоо уг системийг цаашид хөгжүүлж, Германы Зэвсэгт хүчинд ашиглахад бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.
Харин Украины Батлан хамгаалахын сайд Е.Хмарагийн мэдэгдсэнээр, хоёр улс батлан хамгаалах салбарт зургаан төсөл хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр төсөлд нэг тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулах аж. Мөн “Айрис-Ти” (IRIS-T) загварын 1000 пуужин үйлдвэрлэх шинэ гэрээ байгуулсныг дурджээ.
Герман улс ирэх онд Украинд үзүүлэх дэмжлэгт 11.6 тэрбум евро төсөвлөхөөр төлөвлөж байгааг Б.Писториус мөн мэдэгджээ. Уг хөрөнгийг юуны өмнө Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд зарцуулах аж.
Үүнээс хоёр хоногийн өмнө Украины болон Их Британийн Батлан хамгаалах яамд Их Британийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Украины Зэвсэгт хүчинд зориулсан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг Их Британид үйлдвэрлэхээр тохиролцсоноо мэдээлжээ.