Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музейн нээлттэй сан хөмрөг буланд "Монгол бахархал-Бүтээлч сар" аяны хүрээнд "Их Эзэн Чингис хаан" түр үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй дэлгэлээ.
Тус үзэсгэлэнгээр Төв музейд хадгалагдаж буй дундад зууны үед холбогдох түүх, археологийн үзмэрүүдийг дэлгэн, олон нийтэд сурталчилж байна.
Тухайлбал Хотгойдын шадар ван Чингүнжавын дөрвөн хөлт хар туг, сумны зэвүүд, Монгол цэргийн хөө хуяг зэргийг танилцуулж байна.
Төв музейд 8 кг жинтэй Монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна. Тус хөө хуягийг 1963 онд Гүнд гэдэг хүнээс авсан байна. Хөө хуягийн хормой нь 55 см, өндөр нь 63 см юм.
Хөө хуяг нь 5,000-40,000 хүртэл тооны жижиг металл бөгжийг нэг бүрчлэн хэлхэж хийсэн гинжин хуяг юм. Хөө хуяг нь зүсэх, хатгах зэрэг ирт болон үзүүрт зэвсгийн дайралтаас сайн хамгаалдаг байв.
Хуягийн хамгаалалтад түүний хийц тун чухал нөлөөтэй. Хэлхээний нягт их байх тусам жад, илдийн үзүүр нэвтрэх нь бага.
Дайны технологи хөгжихийн хэрээр хөө хуягийн хэрэглээ буурсан ч энэ нь бүрэн хэрэглэхээ больсон гэсэн үг биш юм.
Цэргүүд хөө хуягийг ялтсан хуяг дотуур өмсөх байдлаар хэрэглэсээр л байжээ.
Ийм аргаар тэд ялтсан хуягийн суга, хүзүү, салтаа хэсэгт байрлах, хөдөлгөөнд зориулсан завсар зайг хамгаалдаг аж.
21-р зуунд ч хөө хуяг хэрэглэгдсээр л байна. Орчин үед хөө хуяг нь металл байхаа больсон бөгөөд оронд нь мяндас ашиглан урлах болжээ. Энгийн жишээ татвал сум үл нэвтрүүлэх хантааз нь орчин цагийн хөө хуяг юм.