Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 26-ны пүрэв гарагт болох бөгөөд бүртгэл эхэллээ.
Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулсан бөгөөд 128 бөх зодоглосноос дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. Тус барилдааныг 1996 онд тодорхой шалтгаанаар зохион байгуулаагүй бөгөөд мөн 2009 онд N1H1вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоосны улмаас өнжжээ. Түүнчлэн коронавирусийн цар тахлын улмаас 2020 онд өнжсөн байна. Дээрх гурван тохиолдлыг эс тооцвол 1990 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990, 1992, 1993, 1997-1999 онд нийт зургаан удаа түрүүлсэн байх юм. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойгоор анх түрүүлснээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд нийт таван удаа түрүү бөхөөр тодорчээ. Энэхүү барилдаанд гурав дараалан түрүүлсэн бөх ердөө хоёрхон байдаг нь дээрх хоёр аварга юм. Харин сүүлийн хоёр жилд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат дараалан түрүүлээд байна. Тэрбээр энэ удаа түрүүлбэл гурван жил дараалан түрүүлсэн гурав дахь бөхөөр тодорно. Тэгвэл Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангайгийн түрүүлж үзээгүй хоёр том барилдааны нэг нь Улс тунхагласны ой юм.
Одоогийн байдлаар энэхүү барилдаанд Архангайн бөхчүүд 11 түрүүлж, долоон удаа үзүүрлэсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Хэнтийнхэн зургаан түрүүтэй удаална. Харин Увсын бөхчүүд гурав түрүүлж, 11 удаа үзүүрлэжээ. Араас нь Төв, Булган, Өвөрхангайнхан жагсаж байна. Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Баян-Өлгий, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Баянхонгор аймгийн бөхчүүдээс тус барилдаанд түрүүлж үзээгүй байгаа юм. Баянхонгороос 1994 онд үзүүр бөх тодорсон нь улсын гарди П.Сүхбат аж.