Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, самбо, жүдо бөхийн тамирчин, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Дэлгэрсайханы Сарантуяа Узбекистан улсын Ташкент хотноо болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн спорт самбын 54 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын дэд байрт шалгарлаа.
Дэлхийн 101 орны 508 тамирчин оролцсон тус тэмцээнд тэрбээр хүчтэй өрсөлдөөнийг даван мөнгөн медаль хүртсэн нь олон жилийн бэлтгэл сургуулилалт, хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүн төдийгүй Монголын эмэгтэй самбочдын олон улсын тавцанд гаргаж буй амжилтад үнэтэй хувь нэмэр болов.
Д.Сарантуяа 2016 оноос самбо, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд спортын замналаа төрөлх Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас эхлүүлжээ. Орон нутгийн багш, дасгалжуулагчдын удирдлага дор өсөж хөгжсөн тэрбээр өдгөө самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, жүдо бөхийн дэд мастер цолтой тамирчин болсон байна.
Түүний амжилтын буухиаг онцолбол, 2025 онд самбо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, байлдааны самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, самбо бөхийн Дэлхийн цомын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртжээ. Мөн жүдо бөхийн “Jeju Cup” олон улсын тэмцээний алтан медаль, Монголын бүх ард түмний спартакиадын аварга болж, самбо, жүдо бөхийн өсвөр үе, залуучууд, оюутан болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс 20 гаруй медаль хүртсэн амжилттай.
Ийнхүү орон нутгаас спортын гараагаа эхэлсэн бүсгүй дэлхийн аваргын дэвжээнд амжилт гаргаж буй нь Сэлэнгэ аймгийн төдийгүй Монголын залуу тамирчдад үлгэр дуурайл болж байна. Ялангуяа охид, бүсгүйчүүдэд спортын аль ч төрлөөр тууштай хичээллэж, зорилгоо тодорхойлон хөдөлмөрлөснөөр олон улсын түвшинд амжилтад хүрэх боломжтойг харуулсан бодит жишээ юм.
Тамирчны хувьд бөхийн спорт хүнийг хүндлэл, ёс суртахуун, тэсвэр тэвчээр, хатуужилд сургадаг хэмээн үздэг бөгөөд тэмцээн уралдааны ялалт, ялагдал бүрээс суралцан, бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй үргэлжлүүлж ирсэн нь түүний амжилтын нэгэн үндэс болжээ.
Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн тамирчин Д.Сарантуяаг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэж, гаргасан амжилт, цаашдын зорилго, бэлтгэл сургуулилалт болон спортын хөгжлийн талаар санал солилцлоо.
Орон нутгаас төрөн гарч, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан тамирчдын амжилтыг алдаршуулахын зэрэгцээ тэднийг дэмжих нь спортын залгамж халааг бэлтгэх, хүүхэд, залуучуудын спортоор хичээллэх идэвх, сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.