Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт анх удаа зохион байгуулсан “Өвлийн идэш–2026” үзэсгэлэн худалдаанд 14 сумын 40 гаруй малчин оролцож, 18.7 тонн мах борлуулан, 387.027 сая төгрөгийн орлого олжээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Мал эмнэлгийн газартай хамтран тус худалдааг арваннэгдүгээр сарын 20-22-нд Мандалговь сумын “Дундговьд үйлдвэрлэв” төвийн гадна талбайд зохион байгуулсан байна.
Адаацаг, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус, Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэрэн, Сайнцагаан сумын малчид өөрсдийн хотноос бэлтгэсэн адуу, үхэр, тэмээ, хонь, ямааны мах, сүү, цагаан идээ болон малын гаралтай дайвар бүтээгдэхүүн борлуулжээ.
Үзэсгэлэн худалдаагаар 6305 кг үхрийн, 5240 кг хонины, 3499 кг ямааны, 2210 кг адууны, 1500 кг тэмээний мах борлуулжээ. Үүнээс гадна ааруул, айраг, аарц, хоормог, даршилсан ногоо зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Дундговь аймгийн малчид, хоршоологчид нийслэлд зохион байгуулдаг “Өвлийн идэш” худалдаанд өмнө нь оролцож байсан туршлагатай. Тухайлбал, 2024 онд есөн хоршооны 38 малчин, хоршоологч нийслэлийн худалдаанд оролцож, 204 тонн мах, 20.5 тонн дайвар бүтээгдэхүүн, 7.5 тонн цагаан идээ борлуулан, 2.4 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Энэ удаагийн худалдаа малчид, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг орон нутгийн хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалтын шинэ суваг нээх, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийг гарал үүсэл нь тодорхой, орон нутгийн бүтээгдэхүүнээр өвлийн хүнсний хэрэгцээгээ хангах боломж олгосноороо онцлог байв.
Худалдаанд нийлүүлсэн мал, мах, махан бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад анхаарч, мал эмнэлгийн гэрчилгээний бүрдэлд хяналт тавьжээ.