Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлээс энэ өвөл 7800 өрхийг цахилгаан халаалтын системд шилжүүлэх бөгөөд дотоодын 20 орчим аж ахуйн нэгж цахилгаан халаагуур, яндангүй зуух буюу нөөцлүүрт халаагуур, гэрийн дулаалга зэргийг үйлдвэрлэж байгаа юм байна.
Тухайлбал, хоёр талдаа хатавчтай, дээрээ тотготой дулаалга нь гэрийн дулаан алдагдлыг 33 хувиар бууруулдаг аж. Түүнчлэн индукцин ширэмтэй, 2.4 КВт-ын дулаан хуримтлууртай, цахилгаан халаагууруудын сонголт байгаа юм байна.
Уг бүтээгдэхүүнүүдийг хэрхэн худалдаж авах тухай хотын дарга Б.Пүрэвдагва “Гэр хорооллын 7800 айлд дулаан хуримтлууртай, цахилгаан халаагууруудыг нийлүүлэхдээ нэг компанитай хамтарч, нэг бүтээгдэхүүнийг шахахгүй бөгөөд иргэдэд сонголт өгнө. Ингэснээр гэрт амьдарч байгаа иргэд “Чип” багц болон цахилгаан халаагуур зэрэг бүтээгдэхүүнээс зээлээр авах боломжтой. Нийслэлчүүд сард түлшиндээ 200 мянган төгрөг зарцуулдаг бол сард төлөх зээлийн хэмжээг 60 мянган төгрөгөөс ихгүй байхаар тооцоолсон. Аж ахуйн нэгж, байгууллагууд дулаан хуримтлууртай, цахилгаан халаагуурт таван жилийн баталгаа өгч, иргэдтэй байнгын эргэх холбоотой ажиллах ёстой. Иргэдээс судалгаа авахад дулаан хуримтлууртай, цахилгаан халаагуурыг хэрэглэх сэтгэл ханамж 85-90 хувьтай байсан” хэмээн ярьжээ.
Зургаан дүүргийн гэр хороололд оршин суудаг 7800 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцаар хангахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтрах бөгөөд тус сан уг төслийн хэрэгжилтийн явц, халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцын үйлдвэрлэл, худалдан авалт, нийлүүлэлт, тээвэрлэлт, суурилуулалт болон хяналт, шинжилгээний үйл явцыг удирдан зохион байгуулна.
Ташрамд дурдахад, Баруунсалаа, Зүүнсалаанд 800 айл өрхийг эрчим хүчээр хангах батарей хураагууртай, жижиг оврын нарны цахилгаан станцуудыг байгуулах шийдвэрийг нийслэлээс гаргажээ. Ингэснээр төвийн шугам тасарсан ч тухайн бүсийн айлууд байнгын тогтой байх боломж бүрдэх аж.