Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд улс орон даяар эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, энэ талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болохыг, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 35 жилийн ой 2027 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тохиож буйг хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тодотгов.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 15 дахь тэмцээнийг уламжлалын дагуу Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулна.
Тэмцээн гурван үе шаттай ба анхан шат нь энэ сарын 28, 29-нд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Энэ шатны аваргууд буюу сумаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүргээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин шалгарч, хагас шигшээ шатанд тоглох эрхтэй болно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 12 дугаар сарын 19, 20-нд болж, аймгийн тэмцээнээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийслэлээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй шатарчин шалгаран шигшээ тэмцээнд оролцох аж.
Улс орон даяар зохион байгуулагддаг, 6000 гаруй шатарчин оролцдог шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээн 2027 оны 1 дүгээр сарын 9, 10-нд Төрийн ордонд зохион байгуулна гэдгийг Ч.Бат-Эрдэнэ дарга мэдээлэв. Шигшээ тэмцээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ноос 120 гаруй шатарчин урилгаар оролцоно. “Монголын шатрын холбооны дүрмээр явагддаг тэмцээний медаль хүртсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгодог онцлогтой. Түүнчлэн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг энэ тэмцээний бүх шатанд үндэсний рейтинг бодогдож, шатар сонирхогчид чансаагаа тооцуулдаг онцлогтой” хэмээн УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ мэдээлэв.
Мөн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан тус тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч ажиллах ба хэвлэлийн хурлын үеэр тэмцээний дүрмийн талаар мэдээлэл өгөв. Тэмцээний гурван шат Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах ба цагийн хяналт нь талдаа нэг цаг, нэг өрөг нийтдээ хоёр цаг үргэлжилнэ. Анхан шатны тэмцээн буюу сум, дүүргийн аваргуудыг шалгаруулах тэмцээний оролцогч 10 хүртэл байх тохиолдолд тойргийн системээр, 10-аас илүү шатарчин өрсөлдөх үед Швейцар системээр оноолтоо хийх аж. Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах анхан шатны тэмцээнийг аймаг, нийслэлийн шатрын холбоо, хагас, шигшээ тэмцээнийг нийслэлийн шатрын холбоо зохион байгуулах юм. Түүнчлэн шигшээ тэмцээнд медаль хүртсэн зургаан шатарчин Монгол Улсын шатрын спортын дэд мастер цол хүртэнэ.
Энэ жил Үндсэн хууль батлагдсаны 35 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг тэмцээний энэ удаагийн шагналын сан нэмэгдсэн байна.
Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч Үндсэн хуулийн өдрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү тэмцээнд оролцох эрхтэй байдаг талаар УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.