Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган. 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвд байрладаг түүх, соёлын 14 дурсгалт газрыг багтаасан аяллын маршрутыг шинэчилж, дурсгал бүрийг QR кодоор мэдээлэл авах боломжтой болгожээ. Аялагчид уг маршрутаар суудлын авто машинаар 2.5-3.5 цагт тойрон үзэх боломжтой юм.
Хойд бүсийн аялал жуулчлалын гол зангилаа, дамжин өнгөрөх чиглэлийн нэг болох Булган аймгийг жил бүр олон зуун мянган дотоод, гадаадын жуулчин зорьдог. Тэдгээр аялагчдад орон нутгийн түүх, соёлын өвийг таниулах зорилгоор Булган сумын Соёлын ордноос тус сумын нутагт орших үл хөдлөх дурсгалт газруудын маршрутыг шинэчлэн боловсруулсан байна.
Шинэ маршрутад Анхдагчдын хаалга, Хүн чулуун хөшөө, Чин ван Ханддоржийн хөшөө, Аваргуудын болон Баатруудын цогцолбор, Д.Дамбын хөшөө, аймгийн музей, Цогт хунтайжийн талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө, Хатанбаатар Магсаржавын дурсгалт бунхан, Штаб музей, Дашчойнхорлин хийдийн дурсгалууд, Диваажингийн сүм, Цагаан суварганы туурь багтжээ.
Маршрутын зураглалд дурсгалт газруудын байршил, хоорондын зай, явах чиглэлийг тодорхой тэмдэглэсэн тул аялагчид өөрийн сонирхол, цаг зав, унааны боломжид тохируулан аяллаа төлөвлөх боломжтой. Тухайлбал, 14 цэгийг суудлын автомашинаар үзэхэд 2.5-3.5 цаг, дулааны улиралд унадаг дугуйгаар аялахад 3.5-4.5 цаг зарцуулна. Харин явганаар аялах бол сумын төвийн доторх дурсгалуудыг 2-3 цагт үзэж, захын цэгүүдэд тээврийн хэрэгслээр очих боломжтой юм.
Үүнээс гадна аймгийн төвд маршрутад багтаагүй Эв нэгдлийн их цагаан суварга, “Хос баганат найрамдал-Дружба” хөшөө, “Таван шоот” баганат хөшөө, Ардчиллын хонхны хөшөө, “Сансар-1, 2” цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө, баримал зэрэг олон дурсгал бий.
Аялагчид дурсгалт газруудад байршуулсан QR кодыг гар утсаараа уншуулж, тухайн дурсгалын үүсэл түүх, соёлын ач холбогдол болон бусад мэдээллийг цахимаар авах юм. Ингэснээр хөтөчгүйгээр бие даан аялах, орон нутгийн түүх, соёлын өвтэй танилцах боломж нэмэгдэж байна.