Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /Yonhap/. БНСУ-ын дуучин, жүжигчин АйЮү (IU) ирэх оны нэгдүгээр сард Таиландын нийслэл Бангкок хотод дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээр болсон тухай түүний харьяалагддаг “Эдам Энтертайнмент” (EDAM Entertainment) агентлаг мягмар гарагт мэдэгджээ.
Аялан тоглолтын эхний хоёр тоглолт нэгдүгээр сарын 16, 17-нд Бангкок хотын Ражамангала үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тавдугаар сар хүртэл Каошюн, Сидней, Сингапур, Токио, Тайбэй, Жакарта хотуудад үргэлжлэх ажээ. Тоглолт болох бусад хотын нэрийг дараа нь зарлах юм.
Аялан тоглолтын хүрээнд АйЮү дөрөвдүгээр сарын 7, 8-нд Японы “Токио Доум” цэнгэлдэх хүрээлэнд тоглох бөгөөд ингэснээр тус цэнгэлдэхэд бие даасан тоглолтоо хийсэн К-попын анхны эмэгтэй гоцлол дуучин болох юм.
Японы хамгийн том тоглолтын танхимуудын нэг болох “Токио Доум” нь тус улсын поп урлагийн уран бүтээлчдийн дунд “мөрөөдлийн тайз” хэмээн алдаршжээ.
БНСУ-ын дуучин Рэйн 2007 онд тус цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолтоо хийсэн анхны солонгос дуучин болсон бол түүнээс хойш “ТиВиЭксКью”, “KAРA”, “БиТиЭс”, “ТВАЙС” (TWICE), “БлакПинк” (BLACKPINK) зэрэг хамтлаг тоглолтоо хийсэн байна.
АйЮү өмнө нь чихний гэмтэл нь хүндэрсний улмаас Сөүл хотын баруун хойд талд орших Гоянг хотын цэнгэлдэх хүрээлэнд хийхээр товлосон тоглолтууд болон зургаа дахь бүрэн хэмжээний цомгоо гаргах хугацааг хойшлуулсан юм. Харин есдүгээр сарын 10-нд шинэ цомогт нь багтсан “Энэ одноос” (From This Star), “Галзуу заяаны хань минь” (Dear My Crazy Soulmate) хэмээх хоёр дуугаа олны хүртээл болгожээ.