Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан 16 нас хүрсэн өсвөр үеийнхний иргэний андгай өргөх ёслол боллоо.
Энэ жил аймгийн хэмжээнд 1891 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд тэдний 500 нь ёслолд оролцож, иргэний андгай өргөн, батламж, иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Ёслолыг аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Залуучуудын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр хүүхдүүдийн төлөөлөл болсон 50 сурагчид аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа нар иргэний үнэмлэх, батламж гардуулжээ.
Иргэний үнэмлэхээ авсан сурагчид эх орноо хайрлан хамгаалах, түүх, соёлоо эрхэмлэн дээдлэх, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөхийг эрхэмлэж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн өсвөр үеийнхэнд иргэний эрх, үүрэг, хариуцлагыг таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой уг ёслолын үеэр гурван сурагч үе тэнгийнхнээ төлөөлөн эх орны үнэ цэн, иргэний үүргийн талаар илтгэл тавилаа.
Монгол Улсад иргэний андгай өргөх ёслолыг 24 дэх жилдээ зохион байгуулж байна.