Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

САН ХУАН, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /CNN/. Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Женнифер Баррето эх орондоо болсон “Miss Universe-2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлж, тэргүүн титмийн эзэн болжээ.
Өнгөрсөн жилийн тэмцээний санал хураалтыг будлиантуулсан гэх мэдээлэл маргаан дагуулсан бол энэ удаа визийн асуудал, бизнесийн маргааны улмаас хэд хэдэн оролцогч эцсийн мөчид тэмцээнээс татгалзсан байна. Сан-Хуан хотод мягмар гарагт болсон шигшээ шалгаруулалтад 115 гоо бүсгүй өрсөлдсөнөөс нийгмийн ажилтан мэргэжилтэй, 27 настай Ж.Баррето тэргүүлжээ.
Тэмцээнийг зохион байгуулагчид гэрлэсэн болон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг оролцуулахыг хориглосон журмыг гурван жилийн өмнө цуцалсан бөгөөд түүнээс хойш тэргүүн титэм хүртсэн анхны гэр бүлтэй, хүүхэдтэй эмэгтэй нь Ж.Баррето болж байна.
Шигшээ шалгаруулалтын эхний шатанд урьдчилсан үзүүлбэрүүдийн үеэр шүүгчдээс авсан оноогоор нь оролцогчдыг шалгаруулжээ. Улмаар шилдэг 30 оролцогч усны хувцастай, шилдэг 12 оролцогч үдшийн гоёлын даашинзтай тайзнаа гарсан бол эцсийн шатанд шалгарсан таван гоо бүсгүй тэмцээний ач холбогдол, дэлхий нийт удирдагчдаас юу хүсэн хүлээж байгаа зэрэг сэдвээр шүүгчдийн асуултад хариулсан байна.
Хиймэл оюун ухаан хөгжиж буй өнөө үед хүн төрөлхтөн ямар үнэт зүйлээ хэзээ ч алдаж болохгүй вэ гэсэн асуултад Ж.Баррето испани хэлээр хариулахдаа уг технологийг хариуцлагатай ашиглах нь хамгийн зөв арга гэдгийг онцолжээ.
“Хэрэв хиймэл оюун ухаан бидний үнэт зүйлсийг эрсдэлд оруулж байгаа бол тэдгээр нь анхнаасаа жинхэнэ үнэт зүйлс байгаагүй гэсэн үг. Үнэт зүйл гэдэг нь хэлсэн үг, хийсэн үйлдэл маань нийцэж байхад, ялангуяа тэдгээрийг баримтлахад бэрх болсон үед илэрдэг” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Шигшээ шалгаруулалт саадгүй болж өнгөрсөн хэдий ч энэ жилийн тэмцээнтэй холбоотой олон маргаан тэмцээн эхлэхээс хэдэн долоо хоног, сарын өмнө дэгдээд байжээ.