Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Улаанбаатар хотын “М Банк арена”-д энэ сарын 26-30-нд болно.
Нийт 12 баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, Монголын шигшээ баг “F” хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи багтай орсон. Үүнээс манай шигшээ баг энэ сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын багтай тоглохоор учраа таарсан. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн шигшээд Ш.Энхийн-Од, А.Азбаяр, Х.Оргил, Ч.Маргад, Б.Барсболд, Э.Түшиг, С.Биндэръяа, Г.Дөлгөөн, Н.Батбаяр, М.Өлзий-Орших, Г.Болор-Эрдэнэ, О.Өсөхбаяр нар багтсан бөгөөд багийн ахлах дасгалжуулагчаар Э.Ариунболд ажиллана. Харин багийн ахлагчаар АНУ-ын Хөгжлийн лигийн “Осеола Мэжик” багийн тоглогч Ш.Энхийн-Одыг сонгожээ. Гадаадын лигт тоглож байсан дөрвөн тоглогчоос гурав нь эх орондоо ирсэн бол “Фүкүй Блоувайндс” багт зүтгэж буй Х.Оргил нар өнөөдөр ирж, багтайгаа нэгдэнэ.
Ахлах дасгалжуулагч Э.Ариунболд ярихдаа “Шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын хамгийн шилдэг гэсэн тоглогчдыг дуудсан. Хэн нэгэн нь гэсэн зүйл байхгүй, багаараа тоглох хэрэгтэй. Багийн бүх тоглогч багийн од нь байх ёстой гэж бодож байна. Миний хувьд энэ нэр хүндтэй ажлыг маш талархалтайгаар хүлээн авсан. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг зүтгэлээр хариулахыг зорино. Бэлтгэлийн хугацаа бага байсан нь гол асуудал байлаа. Гэхдээ бид богино хугацаанд нэгдэж, үзэгчдийнхээ өмнө өөрсдийгөө харуулах болно. Багийн довтолгоонд огт санаа зовохгүй байна. Харин хамгаалалтын тал дээр ойлголцлын асуудлууд гарна. Үүнийгээ үлдсэн гурав хоногт засаад, сайжруулна. Холбооны болон шигшээ багийн гол зорилго нь 2029 оны ААШТ учраас тамирчдаа сошиал орчноос хол байлгах тал дээр анхаарч байна. Шигшээ багийн тоглогчдодоо хэт их дарамт битгий өгөөрэй” гэв.
Тэгвэл шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од “Багийн ахлагчаар томилсныг өнөөдөр л мэдлээ. Маш их хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэж байна. Шигшээ багийн ахлагчаар томилогдсон сэтгэгдэл өндөр байна. Монголд өвөл ирээгүй зургаан жил болжээ. Улаанбаатарын өвлийг маш их саналаа. Багийн бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байна. Олон талт тоглолт гаргах боломжтой гэж харж байгаа. Шигшээ багаа дэмжээрэй, монголчууд аа гэж хэлье” хэмээн ярилаа.
Харин шигшээ багийн тоглогч Г.Дөлгөөн “Багийн тоглогчид маань хоорондоо маш сайн ойлголцож байгаа. Үеийнхээ найзуудтай хамт эх орноо төлөөлөн тоглох болсон нь маш гоё байна. Шигшээ багийн дасгалжуулагч нар маань энэ жилийн лиг болон гадаадын лигт тоглож байгаа тоглогчдын формыг харж шигшээ багаа бүрдүүлсэн гэж онцолсон. Нэг үеийн найз нартайгаа талбайд гарах тул багийн ойлголцол сайн байгаа. Шигшээ багаараа долоо хоног бэлтгэлээ базаасан. Аль болох богино хугацаанд системдээ хурдан уусаж нэг баг шиг тоглохыг хичээж байна. Өрсөлдөгч гурван багаас Индонезийн багийн төвд нь NBA-д тоглож байсан тоглогч ирнэ. Түүний эсрэг яаж тоглохоо багаараа ярилцаж байгаад шийдэх болов уу” гэлээ.
Монголын шигшээд 2.0 метрээс дээш өндөртэй таван тоглогч байгаа бол багийн хамгийн ахмад нь Н.Батбаяр, намхан нь Э.Түшиг аж.
Сонирхуулахад, одоогоор ААШТ-д оролцох 24 багийн 16 нь тодорсон юм. F хэсэгт Тайланд, Хонконг зургаан оноотой тэргүүлж байгаа бол Монгол, Малайз тус бүр тав, Индонез, Фижи тус бүр дөрвөн оноотой жагсаж байна.