Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын залуу багш нарын холбооны Дорнод аймаг дахь салбараас анхдугаар чуулганаа зохион байгуулав. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн боловсролын салбарт 45 хүртэлх насны 967 багш, удирдах ажилтан, арга зүйч, нийгмийн ажилтан ажиллаж байгаа юм.
Чуулганы нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Ёл, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ч.Ариунаа нар оролцож, боловсролын салбарын шинэчлэлд залуу багш нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг бодлого, шийдвэр гаргах үйл явцад тусгахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Аймгийн Залуу багш нарын холбоо нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад ажиллаж буй 45 хүртэлх насны залуу багш нарыг нэгтгэн, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлэх, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.
Ташрамд дуулгахад, аймгийн төсвөөс боловсролын салбарт энэ онд 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Цаашид багш нарын нийгмийн баталгааг хангах, хүүхдийн хөгжил хамгаалал, багшийн ачааллыг бууруулахын тулд дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангахад онцгой анхаарна.