Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-ын нэрэмжит “Эрдэнэт хотын аварга” шалгаруулах өсвөрийн шатарчдын нээлттэй тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд Орхон, Булган, Дархан-Уул, Төв аймаг болон Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотоос 10 клубын 250 гаруй өсвөрийн шатарчин оролцож, нас, хүйсийн ангиллаар өрсөлдсөн юм.
Тамирчид швейцар системээр есөн өрөг тоглож, нүүдэл бүрдээ тооцоолол, тактик, шийдвэр гаргах чадвараа сорьжээ. Бүс нутгийн клубүүдийн хүчтэй өрсөлдөөн дунд оролцогчид өөрсдийн ур чадвар, тоглолтын түвшнийг үнэлэхийн зэрэгцээ тэмцээний туршлага хуримтлуулах боломж бүрдсэн байна.
Тус тэмцээн нь оюуны спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг хөгжүүлж, цаашид улс, олон улсын тэмцээнд амжилт гаргах тамирчдыг бэлтгэхэд чиглэж байна.
Цаашид зохион байгуулагчид тэмцээний цар хүрээг тэлж, оролцогч аймаг, клубийн тоог нэмэгдүүлэн бүсийн чансаа өндөр тэмцээн болгохоор зорьжээ. Мөн шагналын санг нэмэгдүүлэх, олон улсын шүүгч, их мастеруудыг урьж оролцуулах, өсвөрийн шатарчдад сургалт явуулах, зэрэг цол авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.