Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /АНАДОЛУ/. Хэдийгээр өрхийн төсөвт үзүүлж буй инфляцийн нөлөө өндөр байгаа боловч АНУ-ын иргэдийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүний хэмжээ буурахгүй байна. 11 ба 12 дугаар саруудад болдог баяруудын үеэрх борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.2 хувиар өсөж, 1 их наяд 13 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.
Тухайлбал, 11 дүгээр сарын дөрөвдэх пүрэв гарагт тэмдэглэдэг Талархлын баяр /Thanksgiving Day/ нь “Хар баасан гараг” /Black Friday/, “Жижиг бизнесийн бямба гараг” /Small Business Saturday/, “Кибер даваа гараг”/ Cyber Monday/-аар үргэлжилсээр Зул сарын баяртай золгож, Шинэ жилийн шөнө буюу 12 дугаар сарын 31-нд дуусдаг.
Энэхүү “баярын улирал” нь жижиглэнгийн худалдааны үзүүлэлтэд шууд нөлөөлж, америкчуудын санхүүгийн чадавх ямар байгааг илтгэн харуулдаг юм. Хэмнэх шаардлагатай байгаа боловч хэрэглэгчид үргэлжлүүлэн худалдан авсаар байна.
АНУ-ын Жижиглэнгийн худалдааны үндэсний холбооноос "4.2 хувиар өсөж, 1.013 их наяд долларт хүрнэ" гэсэн дээрх тоон үзүүлэлтийг танилцуулсан юм. Ташрамд дурдахад, 2025 оны “баярын сезон”-ы худалдан авалтын хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 3.1 хувиар өсөж, 972.3 тэрбум долларт хүрч байжээ.
Энэ онд гэхэд Талархлын баярын үеэр 182 сая гаруй америкчууд худалдан авалт хийх төлөвтэй байна. Гэхдээ энэ тоо нь өмнөх оны 186.9 сая гэх үзүүлэлтээс буурсан хэдий ч сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй хэрэглэгчдийн өндөр идэвхжил цаашид ч хадгалагдах төлөвтэй байна.
Үүний сацуу “Хар баасан гараг” нь Талархлын баярын үеэр дэлгүүр хэсэх хамгийн тохиромжтой өдөр хэвээр байгаа бөгөөд хэрэглэгчдийн 69 хувь нь буюу 126 сая хүн эл өдрийг сонгожээ. Иймээс хэт ачааллын үед жижиглэнгийн худалдааны газрууд 325-375 мянган хүнийг нэмэлтээр ажиллуулах төлөвтэй байна.
Сонирхуулахад, хэрэглэгчдийн 59 хувь нь хиймэл оюун ухаан ашиглан бараа худалдан авахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн Америкийн Фермерүүдийн товчоодын холбооны судалгаагаар, Талархлын баярын уламжлалт 10 хүний оройн зоогийн үнэ 58.63 доллар болж өссөн нь өмнөх оныхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.