Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол” боллоо.
Монгол Улсын “Иргэний андгай өргөх ёслол”-ын гол зорилго нь 16 нас хүрч буй өсвөр үе, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлж, иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд оршдог.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус ёслолд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 90 хүүхэд оролцлоо.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ёслолын үйл ажиллагааг нээж, тусгаар тогтнол, төрт ёсны үнэ цэнийг онцлон, эх орноо хайрлан хамгаалж, эрдэм номдоо шамдан суралцаж, иргэний эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлан, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүүхэд, залууст уриаллаа.
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол нь залуу үеийнхэнд үндэсний ухамсар, эх орноороо бахархах үзэл, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлийг бэхжүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Энэ онд Хөвсгөл аймгийн 2103 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авна.