Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын төлөөх үндэсний шагайн харвааны дөрөв дэх удаагийн их наадамд Монгол Улсын Гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” ХХК-ийн баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Энэ удаагийн тэмцээн энэ сарын 21, 22 нд Улаанбаатар хотод болж, нийслэл болон 21 аймгийн 101 багийн 808 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна.
Насанд хүрэгчдийн ангилалд Ханбогд сумын харьяат С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” ХХК-ийн баг бусад багуудаа манлайлан түрүүлжээ.
Ийнхүү тус баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг хоёр дахь удаагаа хүртэж, хошой аварга болж байна.
Монголын Үндэсний шагайн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гарамгай мэргэн, спортын мастер С.Бат-Эрдэнэ ахлагчтай тус багийн амжилт нь Өмнөговь нутгийн шагайн харвааны уламжлал, харваачдын ур чадвар, багийн нэгдмэл ажиллагааны үр дүн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар зарлигаар үндэсний шагайн харвааны нэрэмжит шилжин явах цомыг бий болгож, тэмцээнийг жил бүр зохион байгуулах шийдвэр гаргасан нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлалт спортыг хөгжүүлэхэд том алхам болжээ.
Өмнөговь аймаг үндэсний өв, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд шагайн харвааг хөгжүүлэхэд анхаарч, аймгийн Засаг даргын ивээл дор бүсийн болон аймгийн чанартай тэмцээн, “Говь гурван сайханы тойром харваа”-г уламжлал болгон зохион байгуулж, 15 сумын харваачдыг хамруулан ажиллаж байна.
Мөн өсвөр, залуу үеийн харваачдыг бэлтгэх, ахмад үеийн өв уламжлалыг залгамжлуулах зорилгоор “Өсөх идэр мэргэн” төсөл хэрэгжүүлэх, сумдад харвааны иж бүрэн тоног төхөөрөмж, зурхайгаар хангах зэрэг ажлыг салбар холбоотой хамтран үе шаттай хэрэгжүүлж байна.