Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны төсвийн хүрээнд танхим, практик хосолсон мэргэжил олгох сургалтыг аймгийн Политехник коллежид зохион байгуулж байна.
Мэргэжил олгох түр сургалтаар долоон төрлийн мэргэжил эзэмшүүлж байгаа бөгөөд эхний үе шатад тогооч, хэрэглээний программ хангамж, үсчин мэргэжлээр 42 хүн суралцан төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авчээ. Харин хоёрдугаар ээлжээр сантехник, авто засвар, уул уурхайн хүнд машин механизмын оператор /дамп, экскаватор, ковш/ мэргэжлийг эзэмшихээр 160 гаруй хүн суралцаж эхэллээ.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Э.Энхбат, Политехникийн коллежийн захирал Т.Бат-Ирээдүй, ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганчулуун нар оролцов. Мөн үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат, “Баянхонгор аймгаас барилга байгууламж, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт 700 орчим ажлын байрны захиалга гарсан бөгөөд үүнд нийцэх мэргэжилтэй, чадамжтай боловсон хүчин дутмаг байна. Иймээс мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж, ажлын байранд зуучлахаар аймаг орон нутгийн бодлого төлөвлөж энэ чиглэлээр мэргэжилтэнг бэлтгэхэд нэг хүнд 410 мянган төгрөг зарцуулж байгаа юм. Нийт 199 хүнийг мэргэжилтэй болгохоор зорьж байна” гэдгийг онцлоод суралцагчдад амжилт хүссэн.
Ажил хайгч, мэргэжилгүй болон мэргэжлээ солих хүсэлтэй иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд олгох тус сургалтыг Политехникийн коллежийн мэргэжлийн багш нар 21 хоногийн хугацаанд хичээллүүлэх бөгөөд цаашид тогтвортой ажлын байранд зуучлах юм.