Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нэг чухал тулгуур багана болсон даатгалын салбарын тэмдэглэлт өдөр буюу Даатгалын өдөр өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 398 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 24-нийг “Даатгалын өдөр” болгон тэмдэглэхээр баталжээ. Одоогоос 92 жилийн өмнө буюу 1934 оны арваннэгдүгээр сарын 24-нд Монгол Улсад улсад даатгалын албыг байгуулсан түүхтэй. Энэ өдөр иргэд, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах даатгалын ач холбогдлыг сурталчлах, салбарын хөгжил, ажилтан албан хаагчдын хөдөлмөрийг үнэлэхэд чиглэдэг байна.
Даатгалын салбар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй эрсдэл, санхүүгийн хүндрэлээс хамгаалах, учирч болзошгүй хохирлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Өнөөдөр даатгалын салбар нь нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан өргөжин тэлж, иргэдийн амьдралын чанар, байгууллагын үйл ажиллагааны найдвартай байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарт 2025 оны судалгаагаар 25200 гаруй хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 оныхоос 5200 буюу 17.3 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 2024 онд 30500 хүн энэ салбарт ажиллаж байжээ.
Даатгалын хураамжийн нийт орлого 2026 оны II улиралд 296 тэрбум төгрөг байсан нь өмнөх улирлаас 112 хувиар өсжээ. Мөн өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Тэгвэл даатгалын байгууллагууд 2026 оны II улиралд нийт 96.87 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь өмнөх улирлаас 102, өмнөх оны мөн үеэс 9.84 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
Даатгалын салбарт ажиллаж, иргэдийн амар тайван, байгууллагын тогтвортой үйл ажиллагааны төлөө хөдөлмөрлөж буй нийт даатгалын байгууллагын ажилтан, албан хаагчдад Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой, “Даатгалын өдөр”-ийн баярын мэнд хүргэе.