Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /TASS/. АНУ-ын засаг захиргаа тус улсад үйлдвэрлэсэн компьютерын чипийг Хятад руу хууль бусаар нийлүүлэхэд оролцсон байж болзошгүй гэж сэжиглэж буй Сингапурын “Мегаспийд” компани болон түүнтэй холбоотой хэд хэдэн байгууллагад экспортын хязгаарлалт тогтоов.
Энэ тухай АНУ-ын Худалдааны яамны мэдэгдэлд дурдсан байна. Тус мэдэгдлийг Америкийн Засгийн газрын албан ёсны баримт бичгийн эмхэтгэл болох “Холбооны бүртгэл”-д нийтэлжээ.
Хязгаарлалт нийт долоон хуулийн этгээдэд үйлчлэх аж. Тодруулбал, Сингапурын “Мегаспийд Интернэшнл”, “Апекс Энтерпрайз Солюшнс”, “Свифтдата” компани, Малайзын “Эм-Эс Фьюжн”, “Пи-Ти Мегаспийд Интернэшнл”, “Спидмэтрикс” болон Тайландад төвтэй “Мегаспийд Тайланд” компани багтжээ.
АНУ-ын Худалдааны яам эдгээр компанийг “өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмжийг зөвшөөрөлгүй эцсийн хэрэглэгчид болон зөвшөөрөгдөөгүй зориулалтаар ашиглуулахын тулд өөр чиглэлд шилжүүлэн нийлүүлэхэд оролцсон байх ноцтой эрсдэлтэй” гэж үзэн хар жагсаалтад оруулснаа мэдэгдсэн байна.
Ингэснээр дээрх компаниуд тусгай зөвшөөрөлгүйгээр АНУ-ын нийлүүлэгчдээс уг төрлийн болон бусад бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй болжээ. Харин экспортын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэхдээ татгалзах зарчмыг баримтлах тул ийм хүсэлтүүдийг зөвшөөрөх магадлал бага байх аж.
Өмнө нь “Мегаспийд” компанийг АНУ-ын хар жагсаалтад оруулах гэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байв. Тус компанийг Америкийн “Нвидиа” компанид үйлдвэрлэсэн хиймэл оюуны дэвшилтэт чипийг Хятадад хууль бусаар нийлүүлсэн байж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчид сэжиглэж байгаа юм. “Мегаспийд” компанийг өмнө нь удирдаж байсан Элис Хуанг нь “Нвидиа” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай холбоотой дуулианд нэр холбогдсон бөгөөд АНУ-ын тал түүнийг Хятадын талд тагнуул хийсэн байж болзошгүй гэж үзэж байна. Харин энэ талаарх мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам гүтгэлэг хэмээн няцаажээ.
Ж.Хуанг 11 дүгээр сарын 12-нд “Нвидиа” компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг компанийн удирдлагад эргүүлэн томилохыг удаа дараа уриалсан юм. Тэгвэл “Нвидиа” компани Ж.Хуаныг гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албан тушаалд нь эргүүлэн томилсноо өчигдөр мэдэгдсэн байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл уг шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан бөгөөд АНУ-ын эрх баригчид ийм шийдвэр гаргах нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулахгүй гэдгийг баталгаажуулсан гэж мэдэгджээ.
Өмнө нь Сангийн сайд Скотт Бессент 11 дүгээр сарын 22-нд мэдэгдэхдээ, тус компанийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг Хятадын олж авсан эсэхийг аль болох хурдан тайлагнахыг АНУ-ын засаг захиргаа “Нвидиа” компанийн удирдлагаас шаардаж байгааг мэдээлсэн билээ.