Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн хөгжил, төр ёсны уламжлал, эрх зүйн тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд таниулах зорилготой “Монгол Улсын Үндсэн хууль – Төрт ёс, түүхэн хөгжил” сэдэвт түр үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс энэ сарын 23-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Монгол Улсын 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн түүхэн замнал, батлагдсан он цаг, гол үзэл баримтлал, төрийн байгууллын онцлогийг харуулсан гэрэл зураг, баримт бичиг, мэдээллийн самбар, үзүүлэнг дэлгэн толилуулжээ. Мөн 1992 оны Үндсэн хуульд 2000, 2019, 2022 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл багтаажээ.
Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласнаас хойш төрийн байгуулал, нийгмийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөний талаарх үзэл баримтлал үе шаттайгаар хөгжиж ирсэн түүхтэй. Харин 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хууль дээдлэх зарчмыг баталгаажуулсан эрх зүйн суурь баримт бичиг болсон юм.
Тус үзэсгэлэн нь Үндсэн хуулиудын өөр өөр цаг үеийн үзэл баримтлал, төрийн байгууллын өөрчлөлт, эрх зүйн шинэчлэлийг харьцуулан танин мэдэх боломж олгож байгаагаараа онцлогтой. Ялангуяа хүүхэд, залуучуудад Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төр ёсны уламжлал, иргэний эрх, үүргийн талаарх мэдлэг, ойлголт өгөхөд чиглэж байна.
Үндсэн хууль бол төрийн байгууллын үндсийг тогтоосон баримт бичиг төдийгүй иргэн бүрийн эрх, эрх чөлөө, хүлээх үүрэг, төрийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлдог эрх зүйн дээд хүчин чадалтай хууль юм. Иймд Үндсэн хуулийн түүх, агуулгыг танин мэдэх нь иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль дээдлэх ёс, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.